Манай улсын ирэх оны төсвийн төсөл, орлого, зарлагын талаар Нээлттэй нийгэм форум болон зарим мэргэжилтний хийсэн шинжилгээ, дүгнэлтийг өчигдөр тус форумаас танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 2024 онд Монгол Улсын төсвийн орлогыг 27 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36.7 хувьтай тэнцэхүйц байна хэмээн таамагласан. Мөн ДНБ-ий хэмжээ 74 их наяд төгрөгт хүрч, эдийн засаг долоон хувиар өсөн, 60 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй. Ирэх онд хэрэгжүүлэх төслүүдэд 552 шилжих төсөл буюу он дамжуулах хөрөнгө оруулалт байгаагаас 373-ынх нь өртөг энэ жилийнхээс 3-80 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Шилжих төслийн 90 гаруй хувь нь барилга байгууламж барих төсөл бол төсвийн ерөнхийлөн захирагчдаас хамгийн ихийг нь Боловсрол, шинжлэх ухааны сайд зарцуулах аж. Дараагаар нь Зам, тээврийн хөгжлийн, Соёлын, Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгө өндөр байгаа бол шинээр эхлүүлэх төслүүдийн нийт зардлын хамгийн их нь Хэнтий аймагт ногджээ. Түүнчлэн төсөвт хатуу хучилттай авто зам, цэцэрлэг, сургууль, соёлын төв, спорт цогцолбор хамгийн олныг барихаар төлөвлөсөн байна. Харин үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ ховор байгааг дээрх хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.
Үүнээс гадна 2018-2023 онд Төсвийн тухай хуулийг дагалдан 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол ирэх жил татвар, геодез, зураг зүй, төрийн бүтээмж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг агуулга бүхий 21 хуулийг шинэчлэн, найруулахаар өргөн мэдүүлжээ. Гэсэн ч өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үр ашиг, хууль хоорондын ямар зөрчлийг арилгаж буйг үнэлэхэд төвөгтэй байгаа гэнэ. Ер нь сүүлийн 12 жилийн наймд нь төсвийн тодотгол хийж, ингэх бүртээ анх төсөвлөсөн орлогоо 10 хувиар бууруулахаас өөр аргагүйд хүрсэн нь эдийн засгийн бодлогын тогтворгүй байдлыг илэрхийлж, зээлийн хүү өндөр, санхүүгийн хүртээмж тааруу байх нөхцөл болсныг эдийн засагч, судлаач А.Батпүрэв тэмдэглэлээ. Экспортын голлох бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэх хэмжээ болон төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлөхийн зэрэгцээ бага төсөвт өртөгтэй буюу орон нутгаас нь хөрөнгө гаргах боломжтой төсөл, арга хэмжээг улсаас санхүүжүүлэхээр тусгасан, эхний санхүүжилтийг нь сайтар тооцоолоогүй 179 төсөл, арга хэмжээ бийг мэргэжилтнүүд шүүмжилсэн юм. Цаашид төсвийн төслийг ил тод, олон нийтийн оролцоотой хэлэлцэх, хөрөнгө оруулалтын төслүүдийн үндэслэлийг нарийвчлан үнэлэх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд мөрдөх, сонгуулийн жилийн төсвийн зарлагын өсөлтийн хязгаарыг хатуу тогтоох шаардлагатай зэрэг зөвлөмжийг дээрх форумаас гаргалаа.