Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Д.Е.Грибовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Г.Ганбаяр Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын 25 дугаар хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын 162 дугаар сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, “Хамтарсан сургууль байгуулах тухай” тогтоол батлагдсан тухай мэдэгдлээ.
“Хилийн чанад дахь орос багш” төслийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд 162 дугаар сургуульд тав, бусад сургуулиудад мэргэжлийн орос хэлний найман багшийг урьж ажиллуулаад байна. Цаашид хамтарсан сургуулиудын үйл ажиллагааг дэмжих, багш нарт мэргэжил, арга зүйн сургалт явуулах хэрэгцээ шаардлагатай талаар онцоллоо.
ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Д.Е.Грибов мэргэжлийн боловсролын чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, ОХУ-ын мэргэжил сургалтын 12 байгууллагатай хамтрах, хүүхдийн зуны зуслан, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр улсын хичээлээс гадуур үйл ажиллагаа явуулдаг төвүүдийг холбох, робот техник, технологийн сургалтууд явуулах зэргээр хамтран ажиллахад боломжтой гэдгээ илэрхийлжээ.
Талууд В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовын Багшийн их сургуультай хамтран:
- Орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах, үргэлжлүүлэх;
- Ялгаатай хэрэгцээтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах талаар арга зүйн сургалтуудыг зохион байгуулах;
- Сургуулийн өмнөх, бага боловсролын болон байгалийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг явуулах;
- Хамтарсан сурах бичиг зохиох, боловсруулах баг байгуулах, энэ чиглэлд хамтран ажиллах;
- Ерөнхий боловсролын сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Мэргэжил дээшлүүлэх институтуудыг холбох, хамтын ажиллагааны зураглал боловсруулж, хэрэгжүүлэх талаар санал солилцож тохиролцоонд хүрэв.