Жижиг, дунд үйлдвэрийн газраас Европын холбооны улсад зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2023” үзэсгэлэн худалдааг ХБНГУ-ын Фрайбург хотод аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Үзэсгэлэнгийн үеэр хотын дарга Ulrich von Kirchbach Монгол улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашид энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах, хотын захиргааны зүгээс тусгайлан “Монголд үйлдвэрлэв” мэдээлэл сурталчилгааны төвийг хотын Rathausplatz талбайд байгуулахыг санал болголоо.
Фрайбург хот нь Герман, Швейцарь, Франц улсын уулзварт, Улаанбаатар хоттой адил дэлхийн солбилцлын 47 дугаар өргөрөгт байрладаг, 220,0 мянган оршин суугчтай, жилд 6 сая орчим жуулчид зорчдог, түүх дурсгалын үзмэр ихтэй, аялал жуулчлалын хот юм. Тус хотын бизнес эрхлэгчид Монголын үндэсний гарал үүсэл нь тодорхой, хөдөө аж ахуйн гаралтай био, органик бараа бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд гаргахад хамтран ажиллах санал тавилаа.
Арга хэмжээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Др.Б.Мандахбилэг, Фрайбург хотын дарга Ulrich von Kirchbach, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, ХБНГУ-ын Фрайбург хотын “Монголын соёлын төв”-ийн төлөөлөл, Монгол Улсын Соёлын элч С.Бадамхорол, Аялал жуулчлалын элч С.Бадамханд, Мишээл экспо ХХК-ийн ахлах менежер З.Одонтуяа нар оролцлоо.