“Балдорж” сан, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль хамтран сэтгүүл зүйн шүүмжийн уралдааныг долоо дахь удаагаа зохион байгуулахаар зарлаад байна. Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг дэмжих нь уг уралдааны зорилго билээ. Мөн шүүмж судлалаар дамжуулан сэтгүүл зүйн бүтээлийг улам бүр чамбайруулах үндсэн зорилготой. Долоо дахь удаагийн шүүмжийн уралдааны онцлог нь сэтгүүл зүйн салбарт тулгарч буй сорилт бэрхшээл, шинэ боломж, бүтээлүүдийн чанар чансаа, сэдвийн цар хүрээ, хүрсэн үр дүнг тодорхойлох аж.
Сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын чиглэлийн багш, судлаач, сонирхогчид үүнд оролцох боломжтой. Ингэхдээ 2019 оноос хойш гарсан сэтгүүл зүйн бүтээлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих шаардлагатай аж. Түүнчлэн эрдэм шинжилгээний хэл найруулгаар бичсэн, судалгаа шинжилгээний тодорхой аргачлал ашигласан байх шаардлагыг зохион байгуулагчид тавьжээ. Судлаачдын бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 1-ний 17.00 цаг хүртэл msuac.sbma@gmail.com цахим хаягаар хүлээн авах нь. Судлаач CV-гээ шүүмжийн хамт илгээх ёстой юм байна.
Бэлтгэсэн: М.Оч