Монголын аутизмын холбоо, Боловсролын ерөнхий газар хамтран “Аутизмтай сурагчийг боловсролд тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах нь” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөлд есөн сургууль хамруулах бөгөөд тэдгээрийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлээд буй юм байна. Төслийг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн нэг сар гаруйн хугацаанд хэрэгжүүлэх нь. Үүний хүрээнд АНУ-ын “Фулбрайт” хөтөлбөрийн мэргэжилтэн багш Монголд ирж, сонгогдсон сургуулиудын багш нарыг ажлын байранд нь чадавхжуулах гэнэ. Төсөлд хамрагдах сургуулиудын хүсэлтийг өдгөө Боловсролын ерөнхий газраас авч байгаа аж. Ингэхдээ дүүрэг бүрээс зөвхөн нэг сургуулийг сонгох юм байна. Хамгийн гол нь тухайн сургууль аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургадаг байх ёстой.