Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн хоёр дахь ээлжийн бүртгэлийг энэ сарын эхээр зохион байгуулсан. Ингэснээр нийслэлд 2-5 насны 142 798 хүүхэд бүртгэлтэй байгаагийн 89.2 хувийг нь цэцэрлэгт хамруулжээ. Гэхдээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг хүлээн авах зорилт тавьснаар зарим цэцэрлэгийн ачаалал хэт ихэссэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15, 17, 23, 24, Баянзүрхийн 25, 26, 36, 42, Баянголын 24, 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх цэцэрлэгүүдийн ачаалал өндөр, зарим нь нэг ангид 40-өөс олон хүүхэд хүлээн авсан гэнэ. Түүнчлэн энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн зориулалтаар 100-гаад байр түрээсэлж байгаа аж. Өмнөх жил хувь хүн, аж ахуйн нэгжийн 124 байрыг түрээсэлж байжээ. Түүнтэй харьцуулахад түрээсийн байрны тоо энэ удаад 20 гаруйгаар цөөрчээ. Мөн өргөтгөлийн 40 орчим барилга өдгөө барьж байгааг нийслэлийн Боловсролын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Бадамсэрээжид онцолсон юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн “Манай дүүрэг ачааллаа бууруулж, түрээсийн байранд цэцэрлэг ажиллуулж байгаа. Өдгөө хороо бүрд 2-3 цэцэрлэг бий. Харин 146, 203, 251 дүгээр цэцэрлэгийн ачаалал бусдаасаа өндөр” гэлээ. Зарим цэцэрлэгээр орж нөхцөл байдлыг нь сурвалжиллаа.
Баянзүрх дүүрэгт байрлах 146 дугаар цэцэрлэгт очив. Кино үйлдвэрийн автобусны буудлаас холгүй байрладаг “Соёл” цэцэрлэгийн барилгын хаалган дээр “Нийслэлийн тэргүүний 146 дугаар цэцэрлэгийн салбар-1” гэж бичжээ. Гурван давхар, тоосгон эл барилгад өмнө нь хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Орчин тойрон нь цэвэр, хашаандаа хүүхдийн 10-аад тоглоомтой аж. Тус түрээсийн байранд энэ жил зургаан бүлгийн 180 хүүхдийг хүлээн авсан гэнэ. Тэндээс холгүй төв цэцэрлэг нь байрладаг. Үүний яг дэргэд нь байсан 52 дугаар цэцэрлэгийг нурааж, шинээр барьж буй бололтой. Гэсэн ч барилгын ажил нь зогссон харагдсан. 146 нь дүүрэгтээ тэргүүний цэцэрлэг гэнэ. Хуучин барилгыг нь нурааж шинээр бариад таван жил болсон бөгөөд анги танхим, эд хогшил, сургалтын материал зэргээс харахад нийслэлдээ жишиг болохуйц тохижилттой аж. Баруун хойно нь байрлах бас нэгэн барилга нь цэцэрлэгийн зориулалттай гэнэ. Энэ нь ямар учиртай байр болохыг 146 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ариунбаяраас лавлахад “Бид түрээслэх байраа өөрсдөө олдог.
Энэ газар анх хоосон, хувь хүний эзэмшлийнх байсан. Тухайн газрын эзэд цэцэрлэгийн зориулалтаар барилга барьж, улсад түрээсэлсэн. Уг барилгыг ашиглалтад оруулснаар бид түрээсэлж, хоёр бүлгийн хүүхдүүдийг хүлээн авлаа. Одоогоор тохижилтын ажил хийж байгаа. Энэ нь 100 хүүхдийн хүчин чадалтай барилга. Урд талын барилгыг манайх түрээслээд гурав орчим жил болох гэж байна. Улсаас үүний зарцуулалтад сард 26 сая төгрөг төлдөг. Өмнө нь манай цэцэрлэгийн нэг ангид бараг 60-75 хүүхэд явдаг байлаа. Тиймээс ачааллаа дийлэхгүйд хүрсэн юм. Харин энэ жил ангиуд дунджаар 38-45 хүүхэдтэй болж ачаалал жаахан хөнгөрлөө. Одоо хамгийн тулгамдсан асуудал нь ажиллах хүч дутмаг байгаа. Тухайлбал, туслах тогоочгүй. Энэ байршилд том орон сууц олонтой. Шинээр хоёр ч байр ашиглалтад оруулж байна. Бараг гишгэх газаргүй хэрнээ барилга, орон сууц бариад байгааг гайхдаг. Манайх төв цэцэрлэгтээ 280 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 480 хүүхэд хамрагддаг. Намар бол 600-гаад хүүхэдтэй байсан. Ноднин төв байрнаасаа нэлээд зайтай орон сууцын барилгын нэгдүгээр давхрыг түрээсэлдэг байснаа энэ жилээс больсон” гэв.
Тус цэцэрлэгийн дундын Б бүлгийн багш Б.Даваацэрэн өмнөх жилүүдэд 67 хүүхэдтэй анги хариуцаж ажилласан гэнэ. Тэрбээр “Энэ жил байр нэмж түрээсэлснээр ачаалал харьцангуй буурч, хүүхдийн тоо цөөрсөн. Манай анги энэ жилийн бүртгэлээр 49 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгаа. Ажлын эхний дөрвөн өдөрт хүүхдийн тоо 44, 45-аас буурахгүй. Харин баасан гарагт хүүхдүүд цөөн ирдэг. Өнөөдөр (өнгөрсөн баасан гарагт) 33 хүүхэд ирсэн. Багш, ажилчдын цалин энэ жил нэмэгдлээ. Одоо ажиллахад арай урамтай болсон. Хүүхдүүдэд ч сурч, хөгжих орчин бүрдлээ. Өнөө үед хамгийн тулгамдсан асуудал бол бага насны хүүхдүүдийн дэлгэцийн донтолт газар авсан байна. Эцэг, эхчүүд хүүхдээ өөрсдөөсөө хол байлгаж, саатуулахын тулд цахим орчныг л ашиглуулдаг. Гэтэл хүүхдүүд дэлгэцийн хамаарлаас болж аливааг хүлээж авах, ойлгох чадвар нь маш суларсан. Багш нар хүүхдүүдийн ой тогтоолт муудсан талаар ярих боллоо. Дуу, шүлэг цээжлэхдээ олон удаагийн давтамжтай заалгаж байна. Хэл ярианы чадвар нь муу байна гэсэн үг. Энэ нь багшийн ачаалалд бас нөлөөлдөг. Хүүхэд бүртэй ганцаарчлан ажиллах цаг зав бидэнд байдаггүй” гэлээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай улсын цэцэрлэгийн нэг багшид 28 хүүхэд ногдож байна. Тэгвэл зарим багш “Анги дүүргэлтийн стандартыг хэрэгжүүлээч”, “Багшийн ачаалал хэт их байгаагаас хүүхдийн сурч хөгжих орчин дутмаг байна” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлдэг. Энэ талаар албаныхан “Нэг ангид хэт олон хүүхэд байгаа. Тиймээс эхний ээлжид улсын төсвөөс яг хэрэгцээтэй байршлуудад сургалтын зориулалтаар ашиглах боломжтой байр түрээслэх зохицуулалтыг 2024 онд ч хэрэгжүүлнэ” гэж онцолсон. Ачаалал ихтэй байршлуудын нэг Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй холбогдоход “Манайх Хужирбуланд байрладаг. Хажуудаа хоёр гэр бүлэгтэй.
Түрээс төлдөггүй” гэж хариулав. Цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдийн нэг нь Хан-Уул. Тус дүүрэгт орон сууц олноор барьж, хүн амын төвлөрөл эрчимтэй нэмэгдсэнээр цэцэрлэгүүд нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ багтааж чадахгүйд хүрчээ. Тэр дундаа 28, 35, 41, 218, 308, дугаар цэцэрлэг хамгийн ачаалалтай гэнэ. Тодруулбал, 218 дугаар цэцэрлэгийн хамгийн ачаалалтай анги нь 48-50 хүүхэдтэй аж. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга “Манай хорооны цэцэрлэгүүдэд ерөнхийдөө ачаалал их байгаа. Саяхан “River villa” хотхонд 300 хүүхдийн цэцэрлэг шинээр нээлээ. Энэ сарын 5-нд хүүхдүүдээ хүлээж авсан. Уг барилгыг одоохондоо түрээсэлж, цаашид улсын төсвөөр худалдан авах гэрээ байгуулаад байна. Дахиад 300 хүүхдийн цэцэрлэгийг ирэх сард нээхээр байгаа” гэлээ. Үүнээс гадна 17 дугаар хороо нь улсын цэцэрлэггүй, сургууль ч байхгүй гэнэ.
Мөн Баянгол дүүргийн 24 болон 26 дугаар хорооны цэцэрлэгүүд хамгийн их ачаалалтай юм байна. Тус дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргаас энэ талаар лавлахад “Өмнө нь манайх улсын цэцэрлэггүй байсан. Сүүлийн гурван жилийн дотор манай хороо хоёр цэцэрлэгтэй боллоо. Мөн өнгөрсөн онд байр түрээсэлж, цэцэрлэгийн хоёр салбар байгуулсан. Одоо ачаалал арай багассан” гэв. Тус дүүргийн тавдугаар хороонд байрлах 120 дугаар цэцэрлэгийн салбар бүлгээр орлоо. Төв цэцэрлэгээсээ холгүй, “Тэмүүлэл” хотхоны зүүн талын үйлчилгээний төвд байрладаг аж. Үүдэндээ “Баянгол дүүргийн тэргүүний 120 дугаар цэцэрлэг, салбар-1” гэсэн хаяг хаджээ. Эл цэцэрлэгийн эрхлэгч “Манайх өмнө нь хоёр салбартай байлаа. Нэгийг нь хаасан. Олон салбартай бусад цэцэрлэгийг бодвол манай ачаалал дундаждаа орно” гэв.
Тус цэцэрлэг 18 бүлэгтэй, 350 хүүхдийн хүчин чадалтай. Гэсэн ч өдгөө 700 гаруй хүүхэд хамрагддаг гэнэ. Хажуу хаалганд нь “Fame аrena” нэртэй тоглоомын газар байв. Цэцэрлэгийн эрхлэгч нь “Манай түрээсийн байрны гол асуудал нь энэ юм даа. Хааяа залуучууд тамхи татаад, бөөгнөрөөд зогсдог болохоор хүүхдүүд, дүү нартаа үлгэр дуурайлгүй харагддаг” гэж шүүмжлэв. Харин байрны доторх тохижилтыг цэцэрлэгийн зориулалтаар зассаныг хэлж байлаа. Уг байр нь том, жижиг 10 гаруй өрөөтэй аж. Үүдэнд жижүүр нь тарж буй хүүхдүүдийн эцэг, эхээр бүртгэлийн хоёр дэвтэрт тэмдэглэл хийлгэж байв. Үүнд эцэг, эх нь хүүхдээ ирж авсан, эсэхийг тэмдэглэдэг хэмээн тайлбарласан.
Мөн үүдний ханандаа “Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа” гэсэн бичигтэй самбар байрлуулжээ. Үүнд сургалтын хуваарь, танилцуулга, хүүхдүүдийн сурсан дуу, шүлэг, эрүүл мэндийн булан зэргийг бичсэн байлаа. Тус үйлчилгээний төвийн өргөтгөлийг сард 11 сая төгрөгөөр түрээсэлдэг аж. Энд өмнө нь бууз, баншны цех ажиллаж байсан гэнэ. Харин одоо цэцэрлэгийн гурван бүлэг хичээллэдэг. Насанд хүрэгчдийн ариун цэврийн өрөөг хүүхдийн зориулалтаар засаж тохижуулсан гэнэ. Ажилчдын ариун цэврийн өрөө бас байрладаг. Бас гал тогоо болон гурван бүлгээ хариуцсан арга зүйчийн өрөө байв. Энэ байраа цэцэрлэгийн ажилчид өөрсдөө олж, өмнөх жилээс эхлэн түрээсэлжээ.
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо улсын нэг цэцэрлэгтэй. Энэ нь 70 дугаар цэцэрлэг. Тус цэцэрлэгийн хамгийн олон хүүхэдтэй нь дунд анги аж. Тус ангиар ороход 30 гаруй хүүхэд өглөөний цайгаа уугаад дуусаж байв. Тэд өдрийн хуваарийн дагуу өглөө бүр давсны уусмалаар амаа зайлан, гар угаах, дасгал хөдөлгөөн хийх, өдрийн хоолоо идэх, унтаж амрах, сургалтын үйл ажиллагаа зэргийг тогтмол хийдэг гэнэ. “Өдөрт 38-42 хүүхэд тогтмол ирдэг. Нийт бүртгэлтэй хүүхдийн тоо 50 орчим. Ачаалал өндөр байна. Энэ ангид аутизмтай хоёр хүүхэд бий. Тэгш хамруулан сургах журмын хүрээнд нэг ангид хөгжлийн бэрхшээлтэй нэг л хүүхэд сургах ёстой. Гэтэл манайд дунд анги нэг байдаг учраас хоёр хүүхдийг яах ч аргагүй хүлээн авсан.
Тэдэнтэй ажиллахын тулд багш нар ганцаарчилсан хөтөлбөр боловсруулах шаардлагатай байдаг. Би арга зүйчээр ажилладаг. Гэтэл ангийн багш эмчилгээнд явж буй учраас оронд нь давхар ажиллаж байна. Энэ ангийн багш боловсролын байгууллагад долоон жил ажиллаж байгаа, манай залуу боловсон хүчин. Гэтэл саяхан ангидаа бие нь муудаад, эмнэлэгт хандсан. Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ биеийг нь даалгаж сурахгүй байна. Дэлгэцийн хамаарлаас болоод хүүхдүүд хэлд хурдан орохгүй тохиолдол олширлоо. “Yes”, “No” л гэхээс өөрийг бараг хэлдэггүй. Хүүхдүүдээ ширээ ширээгээр нь хуваарилаад, хэсэгчилж хичээлээ заадаг. Нэг ширээнийхэн шагай тоглох, дараа өдөр нь дуу, шүлэг цээжлэх, нөгөө ширээнийхэн нь тоглох гэх зэргээр хичээлээ хэсэгчилж явуулахаас өөр аргагүй” гэв. Ачаалал ихтэй цэцэрлэгүүдийн нөхцөл байдал ийм аж.