Аутизмтай сурагчдыг тэгш хамруулан сургаж буй төрийн өмчийн ЕБС-иудыг сонгон шалгаруулах төсөл зарлажээ. Тодруулбал, Монголын Аутизмын Холбоо Боловсролын ерөнхий газар хамтран “Аутизмтай сурагчийг боловсролд тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах нь” төсөлд хамрагдах төрийн өмчийн ерөнхий боловсролын 9 сургуулийн сонгон шалгаруулалтыг зарласан байна.
Тус холбооноос 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2024 оны нэгдүгээр сарын 5-ны хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Аутизмтай сурагчийг боловсролд тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах нь” төслийн хүрээнд АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн багш уригдан ирж, Улаанбаатар хотын есөн дүүргийн есөн сонгогдсон сургуульд ажиллаж, аутизмтай сурагчийг ангидаа тэгш хамруулан ажиллаж буй есөн багшийг мэдлэг, арга зүйгээр ажлын байран дээр нь хангах юм.
Ингэснээр
-Төсөлд хамрагдсан багш нь аутизмтай сурагчид зориулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хөтөлбөрийн тохируулга хийх, анхан шатны ба явцын үнэлгээ хийх, хэрэглэгдэхүүн бэлтгэх талаарх мэдлэг чадвараа сайжруулж,
-Төсөлд хамрагдсан багшийн аутизмтай сурагч нь тохируулгатайгаар боловсролд тэгш хамрагдах нөхцөлөөр хангагдах төдийгүй,
-Сургуулийн ба ангийн хамт олонд эергээр нөлөөлж,
-Тухайн багшийн ажилладаг сургууль дүүрэгтээ жишиг сургууль болж, дүүргийнхээ хэмжээнд төслийн хүрээнд олж авсан мэдлэг, туршлагаа түгээн дэлгэрүүлэх юм.