БНСУ-ын Илсан хотод зохион байгуулсан “Олон улсын робот контест-2023” тэмцээнд Монгол Улсын баг анх удаа оролцлоо. Эх орноо төлөөлөн ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш, доктор С.Баттуяа, “Орхон хасу” сургуулийн зургаадугаар ангийн сурагч Х.Билгүүнтөгс нар тус тэмцээний агаарын чөлөөт нислэгийн төрөлд өрсөлджээ. Түүнчлэн удирдагч багш С.Баттуяа зохион байгуулагчдад энэхүү тэмцээнийг Монголд явуулах санал тавьсан байна.
Тус тэмцээн нь ирээдүйн үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан роботын шинэ технологийг хөгжүүлэх, бизнесийн шинэ загваруудыг нээн илрүүлэх, үнэлэх зорилготой аж. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд робот ашиглан, 10 төрлийн 44 сэдвийн хүрээнд өрсөлджээ. “Олон улсын робот контест” нь БНСУ-ын томоохон тэмцээнүүдийн нэг бөгөөд тус улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас санаачилж, Роботын үйлдвэрлэлийг дэмжигч агентлаг, Робот үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг аж.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн