Өнгөрсөн жилийн өдийд Монгол орны ихэнх нутаг цасан “гоёл”-оо өмсчихсөн, агаарын температур хасах руу шилжчихсэн, хүйтэн жавар өглөө, оройд жингэнэж байжээ. Аравдугаар сарын эхэнд тохиодог Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Улаанбаатар хотод цас орж, нүүр, нүдгүй шуурчээ. Энэ үед нийслэлчүүд зун, намрын нарлаг, налгар өдрүүдийг нэхэн санагалзаж, байгаль, цаг уурын өөрчлөлтөөс улбаатайгаар улирлын хил хязгаар, зүй тогтол алдагдсаныг, өвөл маш эрт ирдэг болсныг нийгмийн сүлжээнд нийтээрээ хэлэлцэж байж.
Цастай, хүйтэн өдрүүдийг дагаад утаа униар, авто замын түгжрэл, халтиргаа гулгаа, ханиад, томуу зэрэг ужиг сорилт ч эрт эхэлж, ноднин. Харин өнөө жил өвөл тун аажуу уужуу ирэх шинжтэй. Намрын налгар, дулаан өдрүүд үргэлжилсээр. Ямар сайндаа л хүмүүс “Дуучин С.Жавхлан “Дулаахан намар” тоглолт хийсэн нь цаг агаарт нөлөөллөө. Одоо “Дулаахан өвөл” нэртэй тоглолт хийлгэе” гэж хошигнох вэ дээ.
Нээрэн л ойрын үед тохиогоогүй дулаахан, урт намар болж байна. Аливаа ажлыг цагийг нь тулгаж, санд мэнд хийдэг, зун, намаржингаа зугаалж, найрлачихаад хүйтний улирал хаяанд ирмэгц хот, хөдөөгүй сандралддаг бидэнд налгар намар өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн гүйцэд хийх талбиун их цаг хугацааг ч олгож байх шиг. Хотынхон ийнхүү намрын өнгө, нартай өдрүүдийн сайханд нүд, сэтгэлээ баясгаж байхад хөдөөгийн малчид айсуй өвлөөс болгоомжлон “Зуд турхан бүү болоосой” хэмээн залбирч байна.
Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн малчин Н.Гантүлхүүр “Туршлагатай малчид, хөгшид буурлууд маань цаг улирлын өнгө аясыг урьдаас шинжиж, тодорхойлдог. Хавар нь хүйтэн байвал зундаа хур бороо ихтэй байна гэхчлэн өмнөхөөр нь дараагийн улирлын цаг агаарын төлөвийг баримжаална. Монголчууд намрын дунд сарын шинийн 15-ны өдөр тухайн өвлийн өнгийг тодорхойлдог хэмээн итгэж, шинждэг. Хашир малчид эл өдөр тэнгэр огторгуй, гараг эрхсийн ерөнхий байдлыг ажиглаад өвлийн зурхайгаа гаргадаг юм билээ. Нутгийн буурлууд энэ жил чанга өвөл болох шинжтэй гэлцэж байна. Өнгөрсөн зун баруун аймгуудад хур тунадас тун бага орсон. Ялангуяа Ховдод. Өвс ногоо ч тааруу, гандуу байлаа. Тиймээс мал өвсгүйдэж, урд жилүүдийнх шиг бэлчээрт гүйхээгээрээ өвөлжих нь гэж ярих боллоо. Мөн тарвага өвс, хөеө бөөгнүүлж, ичээгээ тагжаад (битүүлэх) байгаа талаар нутгийнхан ярьж байна. Үүнийг цас ихтэй, зудтай өвөл болохын шинж гэж үздэг. Энэ жил бэлчээрийн ургамал эрт хүрэнтэн толгойлсон нь ч хүйтрэхийн дохио гэж малчид шинжиж байгаа. Бид өнтэй, гарз багатай өвөлжихийн тулд хадлан, тэжээлээ базааж, цаг үеийн нөхцөл хүндэрсэн үед хаашаа бэлчээр сэлгэн буух боломжтойг тооцоолон, хашаа хороогоо засаж, чадах ядахаараа бэлтгэлээ базааж байна. Малчдад хамгийн эрсдэлтэй, хүнд цаг үе бол өвөл, хавар. Аль алинд нь бэлтгэлтэй байх ёстой” хэмээн ярьсан юм.
Харин Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн малчин Н.Болдбаатар “Говьд мал адгуулах улам хэцүү болж байгааг сүүлийн жилүүдэд мэдэрлээ. Зун бороо бараг орохоо больсон. Өнгөрсөн зун хур тунадас тоотой хэдхэн удаа орохдоо үер усны хэмжээнд хүрсэн. Ийм бороо хөрсөнд, ургамалд шим тэжээл болдоггүй. Аймгийн цаг уурынхан хоёр удаа үүл буудсан сураг дуулдсан. Бороо татарснаас болоод өвс ногоо ч олигтой гарахаа байлаа. Энэ нь бэлчээрийн ургамал, хадлангийн нөөцөд нөлөөлөх болов. Мал шим тэжээлийн хэрэгцээгээ бэлчээрээс авч чадахгүй болохоороо өвөл тарга тэвээрэг нь муудаж, багахан цас ороход олноороо “ойчоод өгч” байна. Өнгөрсөн өвөл айл саахалт, төрөл саднын маань малчид олон тооны малаа алдсан. Энэ жил ч тийм эрсдэл тохиож болзошгүй” гэж сэрэмжлүүллээ.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарсан томоохон сорилтын нөлөөгөөр байгалийн аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн жилүүдэд ихсэж, ойртсоны илрэл нь зуд юм. Үүний нөлөөгөөр манай улсын малчид сүүлийн жилүүдэд амаргүй өвлийг даван туулж буй. Өнгөрсөн жил гэхэд баруун болон говийн аймгуудын нутгаар өвөлжилт эрс хүндэрч, малчид багагүй хохирол амссан. Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас энэ оны гуравдугаар сард гаргасан “2022-2023 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцөлийн тойм”-д “Өнгөрсөн оны намар цас эрт орж, ихэнх нутгаар бүрхүүл тогтож эхэлснээс хойш өвлийн турш зузаан цастай байж, зарим аймаг, сумын нутгаар цагаанаар зудтай болон зудархуу байлаа. Цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас 400 мянга гаруй толгой мал хорогдсон” гэжээ. Тодруулбал, өнгөрсөн өвөл хагас сая орчим мал эндсэн гэсэн үг. Уг нь цаг уур, онцгой байдлын байгууллагынхан өвөлжилт хүндэрч болзошгүйг эртнээс анхааруулж, эрсдэлийн үнэлгээгээ танилцуулсан ч хаана хаанаа дорвитой арга хэмжээ авч, бэлтгэлээ бүрэн базаагаагүйн улмаас барьц алдан, бажгадацгаасан юм. Харин энэ өвөл алдаагаа давтахгүй байхад анхаарах хэрэгтэй. Зөвхөн орон нутгийн иргэд, малчид ч 2023-2024 оны өвлийн өнгийг ийн бараанаар “зураад” буй юм биш. Мэргэжлийн байгууллагынхан ч хүнд өвөл болно хэмээн сэрэмжлүүлж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан гэхэд манай орны баруун бүсэд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан бөхөнгийн тархац нутагт өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж эхэлжээ. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны, тоон загварчлалын судалгааны хэлтсээс гаргаад буй “2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэлх хүйтний улирлын төлөв”-т дурдсанаар арваннэгдүгээр сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх боловч дараа сараас нь эхлээд баруун хойд болон говийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох нь. Ирэх оны эхний сард нутгийн хойд хэсгээр агаарын температур харьцангуй хүйтрэх бол зүүн бүсийн аймгуудад цас олон жилийн дунджаас их орох төлөв ажиглагджээ.
Үндсэндээ арванхоёрдугаар сараас хүйтний эрч чангарч, хур тунадасны хэмжээ нэмэгдэх нь. Сүүлийн жилүүдэд зутруу өвөлжих болсон мөнөөх л баруун бүсийн болон говийн аймгууд энэ урьдчилсан төлөвт анхаарлын тэмдэг болон орж иржээ. Цаг уурчид “Тухайн бүс нутгийн иргэдэд өвс, тэжээлээ нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангахыг анхааруулж байна” гэж зөвлөжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ч хэвлэлд саяхан өгсөн ярилцлагадаа “Манай орны нийт нутгаар гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй учир малыг амьдаар нь экспортлох асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа” хэмээн дурдсан байна билээ. Хөдөө аж ахуйн салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн эрхбиш цаг улирлын нөхцөл байдлын талаар тодорхой чиг баримжаа, мэдээлэлтэй буй болов уу хэмээн найдна.
Өөр нэг жишээ дурдахад, энэ өвөл Европын орнуудад их хэмжээний цас орж, хүйтрэх төлөвтэй гэнэ. “The European centre for medium-range weather forecast” төвөөс гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх оны нэг, хоёрдугаар сард дээрх бүс нутгийн орнуудад их хэмжээний цас, салхи шуургатай, цаг агаар нэлээд тогтворгүй байх төлөв ажиглагджээ. Евразид хамаардаг манай хойд хөршийн ихэнх нутагт аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр багагүй хэмжээний цас орж, эрс хүйтрэх шинжтэй байгааг ч уг тайланд дурджээ. Үүнээс улбаалаад Монголд арваннэгдүгээр сард цочир хүйтэрч болзошгүйг ОБЕГ-аас анхааруулав. Эдгээр урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэг нь бидэнд налгар намрын дулаахан өдрүүдэд хууртаж, сэтгэл амарч болохгүйг “хэлж”, дохиолж байна. Идэр есийн хүйтэн тачигнаж, малчид сандралдаж эхлэнгүүт дээр, дооргүй баахан аян өрнүүлж, том машин хөлөглөн орон нутаг руу давхилдан, өвс, хужир дөхүүлэх аяддаг байдлаар хахир өвлийн хүнд сорилтын ард гарз, хохирол багатай гарч чадахгүйг өнгөрсөн жилүүд харуулсан. Бид үүнээсээ сургамж авч, айсуй эрсдэлд бэлэн байх ёстой.