Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын иргэний боловсролын хичээлийн сурах бичигт Хүний эрхийн үндэсний комисс, “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийнхэн хамтран дүн шинжилгээ хийжээ. Үүнд 6-8 дугаар ангийн “Иргэний боловсрол”, 9-12 дугаар ангийн “Иргэний ёс зүйн боловсрол” нэртэй сурах бичгийг хамруулсан бөгөөд тэдгээрт хүний эрх, жендерийн ямар зөрчил, дутагдлууд байгааг тодруулахыг зорьжээ. Ингэснээр сурах бичгүүдийн агуулга болон зураг дүрслэл зэрэгт ноцтой зөрчлүүд байгааг илрүүлсэн аж. Тухайлбал, сурах бичгийн агуулга нь шууд заасан, номлосон, лекц хэлбэртэй буюу сурагчид үзэл бодлоо илэрхийлэх, олон ургалч үзлээр хандах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх боломжгүй гэж судлаачид дүгнэжээ. Мөн нийгмийн ялгаатай бүлгүүд, тэдний онцлог, гэр бүл төлөвлөлт, хувь хүний ёс суртахууны үнэт зүйлс, хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг агуулсан даалгавар хомс гэнэ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн нийгмийн халамж хүртэгч мэтээр дүрсэлсэн нь оновчгүй гэв. Үүнээс гадна шашны талаарх агуулгыг оруулахдаа зөвхөн буддын шашны номлолыг багтааж, түүнийгээ туйлын үнэн зөв мэтээр ойлгуулахыг оролджээ. Мөн хүйсээр ялгаварлан гадуурхсан, ялангуяа эмэгтэйчүүдийг дорд үзсэн хандлага, ойлголтыг агуулсан гэж үзсэн байна.
Тухайлбал, сурах бичгийн зураг дүрслэлийн 70 хувь нь эрэгтэй, үлдсэн 30 хувь нь эмэгтэй дүр байжээ. Ингэхдээ эрэгтэй хүнийг баатар, хаан, компанийн захирал гэх мэтээр дүрсэлсэн аж. Харин эмэгтэйчүүдийг хадам ээж, ээж, эгч зэргээр дүрсэлжээ. Энэ бүхнээс үзэхэд өдгөө ашиглаж буй сурах бичгийн агуулга нь охидын өөртөө итгэх итгэлийг бууруулахаар шинжтэй гэж судлаачид үзсэн байна.
Түүнчлэн хадам ээжтэйгээ харилцах арга гэх мэт хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирохгүй, зохисгүй агуулгуудыг оруулсан аж.
Тиймээс уг хичээлийн агуулга, хөтөлбөр, сурах бичгийг олон талыг оролцуулан, шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан байдлаар боловсруулж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай хэмээн дүгнэжээ. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид “Хүүхдэд эрхийг нь мэдрүүлж, үүрэг, хариуцлагыг нь ухамсарлуулах, цаашлаад бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх ёстойг ойлгуулах, ийм дадал суулган төлөвшүүлэх нь маш чухал. Сурах бичигт хийсэн дүн шинжилгээний үр дүнг үндэслэн комиссын гишүүний зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яам, холбогдох бусад байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна” гэв.
Бэлтгэсэн: М.Оч