Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч, энэ чиглэлээр Монголд докторын зэргийг анхлан хамгаалсан, судлаач А.Мөнхболдтой ярилцлаа.
-Тээвэр логистикийн асуудал Монголд их чухал. Гэвч төдийлөн хөгжүүлэлгүй, орхигдуулсан. Та салбарынхаа талаар ойлголт өгөхгүй юү.
- Монголын Логистикийн холбоог 2001 онд байгуулсан, 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид гишүүн компаниудад зөвлөж, судалгаа хийхээс гадна төрийн байгууллагуудын захиалгаар судалгаа хийдэг. Тээврийн логистикийн салбар бол газарзүйн байршлаас үл хамааран дэлхий хаанаас ч захиалсан барааг агаарын тээвэр, далайн тээвэр, төмөр замаар тээвэрлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг. Түүнээс гадна ачаагаа нэгтгэх, эвсэл нэг цул ачааг задалж хэрэглэгчдэд цаг алдахгүй хүргэдэг үйлчилгээ юм. Нөгөө талаар тухайн барааны нөөцийн удирдлагыг хариуцан захиалагчийн үйлдвэрлэл, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж байдаг.
Монголын төр малчдад маш их халамж, хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлдэг. Харин 235 гаруй мянган тээвэрчдийн төлөө юу ч хийгээгүй. Гэтэл манай тээвэрчид, жолооч нар өөрсдийн хөрөнгөөр автобус, ачааны машин, такси худалдаж авч, өөрийнхөө хөрөнгөөр төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, улсад татвар төлдгийг ойлгох ёстой. Мөн үүнтэй нэгэн адил авто үйлчилгээнийхэн өөрийн хөрөнгөөр барилга, тоног төхөөрөмж худалдан авч авто тээврчдэд үйлчилгээ үзүүлж улсад татвар төлдөг.
Үүний тулд тээврийн төрөл хооронд ачаа шилжүүлэн ачихаас гадна бүтээгдэхүүний тодорхой хугацаанд хадгалах агуулах шаарддаг. Ер нь логистик дотроо худалдааны, тээврийн, хотын, хөдөө аж ахуй, уул уурхайн гээд салбарын байхаас гадна тухайн бүтээгдэхүүний физик, химийн төлөв байдлаас хамааран хүйтэн, дулаан, хуурай, задгай гээд олон төрөлд хуваагддаг. Өөрөөр хэлбэл, салбар бүрт үйл ажиллагаагаа явуулахад тээвэр, хадгалалт, нөөцийн удирдлага зайлшгүй шаардлагатай учраас салбар бүрт логистикийн хэрэгцээ шаардлага байдаг.
Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулахад түүхий эд хэрэгтэй, үүнийгээ боловсруулж, зах зээлд гаргахад борлуулалтын маркетинг, логистикийн бодлого төлөвлөлт хэрэгтэй. Ялангуяа зах зээлийн эдийн засгийн өрсөлдөөнд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд гаргахад логистикийн сүлжээ төлөвлөлт маш чухал байдаг. Тиймээс түүхий эдийг хэрхэн цуглуулах, ямар сүлжээ үүсгэх, яаж тогтвортой найдвартай хангах системийг бий болгодог нь логистик. Мөн борлуулалтаа 100 хувь хариуцна. Нийлүүлэлтийн хэлхээг бий болгоход ч логистик чухал. Жишээ нь, танайх ноолуурын үйлдвэрлэл явуулдаг бол, чамд найдвартай ноолуурын түүхий эд хэрэгтэй. Ноолуурын түүхий эд цуглууларад маш их хөрөнгө оруулалт шаардагддаг. Ноолуурын үйлдвэрлэл маш чухал стратегийн нөөц болж хувирдаг учраас тэр юм. Үүний тулд нөөц бүрдүүлж өөрийн чинь үйл ажиллагааг тасалдуулахгүй, урагшлуулахад тусгайлсан логистикийн төлөвлөлтийг малчид, банк санхүүг сайн зохион байгуулах хэрэгтэй. Цаашлаад ноолуурын үйлдвэрээс гарсан бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад нь хадгалалт, тээвэрлэлтийг зохицуулж өгөх ойлголт.
- 2023 оны III улирал дууслаа. Тээвэр, логистикийн салбарт ямар ямар чухал үйл явдал өрнөв. Холбоо үүнд хэрхэн оролцов гэдгээс ярилцлагаа эхэлье ээ.
- 2023 он Монгол Улсын хувьд нэлээд онцлогтой жил байлаа. 2019 онд буюу цар тахлын үед дэлхий нийтээрээ царцаж, тээвэр логистик гацаад хэцүү байсан. Тэр үед иргэд төдийгүй төр засаг тээвэр логистик ямар чухал болох, түүнийг сайжруулах ёстойг мэдэрсэн. Өнөөдөр цар тахлын хүндрэлээ давж, бүх зүйл нээгдэж, гадаад худалдаа өсөлттэй гарч, эдийн засаг сэргэлээ. Төр засаг бодлогоо зөв тодорхойлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-доо хил боомтын асуудлыг сайтар тусгалаа. Манай холбоо ч хилийн боомтын бодлогыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч байна.
Хилийн боомтын тээвэр, логистикийг цар тахлын үед хүний оролцоогүйгээр зохион байгуулах талаар хувийн хэвшилтэй хамтарч ажилласны үр дүнд хилийн Гашуунсухайт боомтод хил дамнасан Автомат удирдлагатай ухаалаг тээврийн системийн ТЭЗҮ-г боловсруулж, энэ онд ашиглалтад оруулж байна. Ингэснээр жилд 10 сая тонн нүүрс экспортлох боломжийг нээж буй. Мөн Хилийн боомтыг хөгжүүлэх тухай судалгаагаа дуусгалаа. Саяхан хилийн боомтын мэдээллийн системийн суурь судалгааг хийж захиалагч талд хүлээлгэн өгсөн. БШУЯ-тай хамтарч Сурагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүнсний хангамжийн логистикийн сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгох суурь судалгаа хийсэн. Одоо манай холбоо Монголынхоо авто тээврийн холбоод, ААН, ажилтан албан хаагчид, жолооч нартайгаа хамтран Монголын авто тээврийг хөгжүүлэх стратеги боловсруулах ажил дээр түлхүү анхаарч байна.
- 2023 оны төсвийг хэлэлцэхдээ тээврийг либералчилна гээд баталсан. Үүний хүрээнд хувийн хэвшлийнхэн ямар бүтээмжтэй ажилласан бол?
-Манай тээврийн салбар бүр өөрийн хуультай. Харамсалтай нь, хоорондоо уялдахгүй байх нь түгээмэл. Бусад улс оронд эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсэн Тээврийн ерөнхий хуультай, үүгээрээ тээврийн салбар хооронд түгээмэл стратегийг тодорхойлж, үүний дараа салбар салбарын хууль эрх зүйг гаргаснаар Тээврийн нэгдсэн систем бий болгодог. Та тээврийн либералчлалын асуудлыг ярилаа. Ер нь либералчлал хэзээ хийдэг вэ гэхээр технологи, ноу хау, хүний нөөцийн дутагдалтай, эсхүл тодорхой зах зээл рүү, тэр дундаа иргэний агаарын тээвэрт хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Учир нь иргэний агаарын тээврийн зах зээл бага учраас дэлхийн том зах зээл рүү гарахын тулд либералчлалын бодлого баримталдаг. Харин дотоодын ААН хамгийн сайн хийж буй авто тээврийг либералчилбал энэ салбарт ажиллаж, хоолоо залгуулж байгаа 235 000 иргэн хохирно. Би авто тээврийн салбарын нийт ажилтан албан хаагчид жолоочид, авто үйлчилгээ эрхлэгчид, дугуй импортлогчдоос эхлээд засварчид ШТС хүртэл бүх ААН-ыг хамруулан хэлж байна. Энэ бол нийгмийн том бүлэг. 2023 оны төсвийг хэлэлцэхдээ тээврийг либералчилна гэж баталсан. Тээврийн либералчлал хийнэ гэдэг төр оролцохгүй гэсэн санаа.
Үнэхээр тэгж байгаа бол авто тээвэрчид өөрсдийн зах зээлээ хамгаалах бодлоготой байх ёстой. Авто тээвэрчид нэгдэх ёстой, яг АНУ-ын авто тээвэрчдийн холбоо шиг эрх ашгаа хамгаалж, Засгийн газар болон гадаадын субъектүүдтэй харилцах бодлогоо гаргах хэрэгтэй. Тээврийн либералчлалыг авто тээвэрчид бид хоорондоо нэгдэж, нягтраад багийн хамтын ажиллагааг сайжруулж, бодлогоо тодорхойлж зах зээлээ хамгаалах, хөгжүүлэх, авто тээврийн салбараа аврах сайхан боломж гэж харж байна. Монголын төр малчдад маш их халамж, хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлдэг. Харин 235 гаруй мянган тээвэрчдийн төлөө юу ч хийгээгүй. Гэтэл манай тээвэрчид, жолооч нар өөрсдийн хөрөнгөөр автобус, ачааны машин, такси худалдаж авч, өөрийнхөө хөрөнгөөр төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, улсад татвар төлдгийг ойлгох ёстой. Мөн үүнтэй нэгэн адил авто үйлчилгээнийхэн өөрийн хөрөнгөөр барилга, тоног төхөөрөмж худалдан авч авто тээврчдэд үйлчилгээ үзүүлж улсад татвар төлдөг.
-Манайд шатахууны үнэ тээвэрт, тээврийнх барааны үнэд нөлөөлдөг. Харин гадаадын улс орнуудад хаана ч гэсэн шатахуун, барааны үнэ ижил байдаг юм билээ.
-Үүнийг олон улсад “Price alignment policy гэдэг. Үндэсний түвшинд үнийг тэгшитгэх бодлого гэсэн үг. Жишээ нь, бидэнтэй төстэй, уул уурхай давамгайлсан Ботсван улсад Дэлхийн банк судалгаа хийгээд энэ бодлогыг зөвлөмж болгож өгсөн байдаг. Та бүгд гадаад улс орнуудад амьдарч, ажиллаж үзсэн л байх, хаана ч очсон шатахууны үнэ адилхан байдаг. Жишээ нь, Улаанбаатарт хэрэглэгч их. Хөдөөд хэрэглэгч цөөн, зай нь хол. Бензин, шатахууныг тээвэрлээд зах хязгаарт хүргэж байгаа зардлыг Улаанбаатар хотод байгаа иргэдээс авах маягаар үнийг тэгшитгэдэг. Дээрх боломж бидэнд байсаар байна. Үүнийг авто тээвэрчид бид санаачилна. Шатахуун импортлогчид, түгээгч ААН-үүдтэй бизнес уулзалт хийвэл амжилтад хүрнэ гэж бодож байна. Ингэснээр бид Засгийн газрын Хөдөөгийн сэргэлт бодлогод бага ч гэсэн хувь нэмэр оруулах юм. Үүнтэй адил гурил будаа гээд өргөн хэрэглээний бүх барааны үнийг улсын хэмжээнд тэгшитгэх боломжтой. Үүний тулд Үндэсний логистикийн сүлжээ төлөвлөлт чухал байдаг. Үүнийг зайлшгүй хийх ёстой.
-Одоо олон улсад логистикийн чиг хандлага хаашаа явж буй талаар мэдээлэл авъя.
-Орос, Украины дайн, геополитикийн асуудал нэг талаар дагуулж буй мэт боловч, нөгөө талаас бидэнд боломж олгож байна. Жишээлбэл, Европ руу чиглэсэн ОХУ-ын худалдаа, одоо Ази руу чиглээд ирлээ. Ялангуяа Орос, Хятадын худалдааны хэмжээ огцом нэмэгдэж байгаа юм. 2021 онд манай хоёр хөрш хоорондын худалдаа120 орчим тэрбум ам.долларт хүрдэг байсан бол 2022 онд 190 тэрбумд хүрсэн. 70 тэрбумаар өсжээ. 2023 оны эхний улирлын байдлаар ажиглахад оны сүүлд орос хятадын худалдаа 223 тэрбум ам.долларт хүрэх болов уу.
Тэгэхээр хоёр том хөршийн дундах бидний хувьд нутаг дэвсгэрээр дамжуулах боломжтой. Боломжоо ашиглаад тээвэр логистикийн дэд бүтцийг богино хугацаанд зөв хөгжүүлж чадвал манай эдийн засгийн нэг тулгуур салбар боломж байна. Өнөөдөр тээврийн салбар ДНБ-ий 4.5 хувь байгаа бол транзит тээвэр болон дэд бүтэц зохион байгуулалт хийж чадвал ойролцоогоор 25-28 хувь болтол өсгөж чадна. Тээвэр, логистикийн салбар бол стратегийн салбар. Энэ салбарын бодлогоо алдвал манай логистикийн сүлжээ гадаадынхны гарт орчихвол бид бүх зүйлээ атгуулна. Тиймээс үүн дээр тодорхой хэмжээний хар хайрцагны бодлоготой байх ёстой.
-Тяньжин боомтоос Монгол руу татах ачааны урсгалыг түргэсгэх, хөнгөвчлөхийн тулд логистикийн салбар бодлого хэрэгжүүлбэл үр дүнтэй байх бол?
-Тяньжингийн нөхцөл байдал, импортын ачаа, чингэлгийн асуудал дээд Тээвэр зуучийн холбоо түлхүү ажилладаг. Бид хоорондоо санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Манай салбарт олон асуудал бий. Тяньжин боомтод бөөгнөрсөн чингэлэг, түүний тээвэрлэлт, Жинин, Эрээний боомтын хүчин чадал, Замын-Үүдийн тээвэр зохион байгуулалт, Улаанбаатар хүртэлх тээвэр зохион байгуулалт, хотын терминалуудын хүчин чадал, манай захиалагч, үйлчлүүлэгч иргэн ААНБ-ын санхүүгийн чадвах гээд маш олон хүчин зүйлээс хамаарсан асуудал юм.
Мэдээж бүгдэд шийдэл бий. Юуны өмнө хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал, төв коридорын дагуух логистикийн төвүүд, терминалууд байгуулж, хөндлөнгийн логистикийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Тэгж байж Монгол руу ирэх ачааг түргэвчилнэ. Мөн ганц Тяньжин боомтыг сонгох шаардлагагүй. Хятадын Жинжоу, Дайлянь гээд өөр боомтууд бий. Энэ боомтуудыг Монгол руу холбох ажлыг яаралтай эхлүүлэх ЗТХЯ ихээхэн анхаардаг. Мөн хамгийн чухал зүйл бол хуурай боомтыг цаг алдалгүй байгуулах шаардлагатай. Дэлхийн далайд гарцгүй бүх орон, хуурай боомт байгуулж, өөрсдөө гарц нээсэн маш олон туршлагатай. Казахстаны Хоргосын чөлөөт бүс, хуурай боомтын туршлага бидэнд нэлээд ойр байх болов уу. Учир нь бидэнтэй их адил нөхцөлтэй.
-Замын-Үүдэд одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Замын-Үүдийн ачааллыг шийдвэрлэхэд дараах асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Юуны өмнө Эрээний экспорт, импортын тээвэр, логистикийн системтэй ижил түвшинд Замын Үүдийн тээвэр, логистикийн дэд бүтцийн зохион байгуулалтыг хүргэх хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод төлөвлөж буй Туушин тэргүүтэй ААНБ-уудын хамтарсан нэгдсэн терминал байгуулах ажлыг шуурхайлах, ялангуяа төр зэрэгцүүлэн янз бүрийн ижил төстэй төслүүдийг зарлаж хөрөнгө оруулагчдыг үргээх хэрэггүй юм. Ер нь төр хувийн хэвшлээ дэмжиж ажиллавал их хурдан асуудал шийдэгдэнэ. Зүйрлээд хэлбэл, Төр бол “чарга”, түүнийг чирч байгаа “морьд” бол хувийн хэвшил юм. Ийм схемээр ажиллавал жинхэнэ Төр, хувийн хэвшлийн түншлэл бий болно.
-Танай салбарынхнаас хувьцаа гаргаад эхнээсээ амжилттай явж байна. Энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ.
- “Монложистикс холдинг” компанийн хамт олон IPO гаргаж, амжилт олсон нь манай салбарын хувьд анхдагч нь юм. Холдингийн гаргасан IPO үйлчилгээ үзүүлж, ам.доллар олдог салбар. Тийм ч учраас иргэд, хөрөнгө оруулагчид маш их сонирхож байгаа нь гарцаагүй, нөгөө талаар манай салбарыг олон нийтэд сурталчилсан сайхан арга хэмжээ боллоо. Хоёрдугаарт, манай салбарыг хөгжүүлж чадвал дээр хэлсэнчлэн ДНБ-ий тулгуур салбар болж хөгжих боломжтой, бидэнд тийм боломж их байна. “Монложистикс холдинг” IPO гаргаад хөрөнгө татаад, эргээд өөрийн салбараа хөгжүүлэхийн төлөө явж байна. Манай тээвэр, логистикийн салбарт гадаад компаниуд орох сонирхолтой байдаг. Уг нь бидний зорилго Монгол Улсын үндэсний компаниудаа хөгжүүлж чадавхжуулах.
Төр үндэсний компаниа дэмжсэнээр тээвэр логистикийн орлогоос орж ирсэн валютыг Монголдоо барьж үлдэнэ гэсэн үг. Дэлхий нийтээрээ тээвэр, логистикийн асуудалд анхаарч ихээхэн хүч хөрөнгө хаядаг. Жишээ нь, Хятад өөрийн логистик тээврийн сүлжээг Ази, Африк, боомт байгуулж, Европын боомтуудын хувьцааг худалдан авч өөрийн сүлжээг бий болгосон. Яагаад гэхээр тэр сувгаараа өөрсдийн бараагаа тухайн зах зээлд найдвартай нийлүүлж, борлуулахад оршиж байна. Бүс ба замын нэг суваг нь манай улсаар дамждаг. БНХАУ-н КОСКО, ОХУ-ын Трансконтейнер компаниуд нь бүгд төрийн оролцоотой мега компаниуд, тэдэнтэй эн тэнцүү харилцаж хамтран ажиллах үндэсний компаниудыг байгуулах шаардлагатай. Тиймээс бид “Монложистикс холдинг” IPO босгож буйг бүрэн дүүрэн дэмжиж, туйлын баяртай байна. Энэ нэлээд сайн, чанартай төсөл болох болов уу.
-Логистикийн салбарын ирээдүй гэрэлтэж байна гэсэн үг үү?
-Тийм, нэгдүгээрт, Орос, Хятадын худалдааны эргэлт эрс нэмэгдэж өнөөдөр ойролцоогоор 125 сая тоннд хүрээд байна. Хоёрдугаарт, энэ их ачаа урсгалыг Забайкальск, Манжуурын дэд бүтцийг яагаад ч дийлэхгүй. Тиймээс Монголын төв болон баруун коридорыг ашиглахаас өөр аргагүй. Тэгж байж тэр их ачаа урсгал, бараагаа солилцож чадна. Тиймээс энэ тааламжтай үеийг ашиглан сүүлийн 20 жил ярьж байгаа коридорын төслүүдийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Ийм боломж ирэх 100 жилд ахиж гарахгүй. Заавал төрийг өрөнд оруулж зээлээр байгуулах шаардлагагүй. Гурван улсын хамтарсан ААН байгуулан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, АХБ гээд бусад банкуудаас хөрөнгө татаж бүтээн байгуулалт хийгээд бизнесийн зарчмаар буцаан төлөх боломжтой төслүүд юм. Дөнгөж саяхан Эрээн өөрийнхөө боомтоор дамжсан гадаад худалдаа 20 тэрбум юаньд хүрсэн гэж зарлалаа.
Тэгэхээр 20 тэрбум юанийг ам.долларт шилжүүлбэл, бараг гурван тэрбум ам.долларын ачаа дамжсан байна. Эрээн тэдгээр ачаанаас хураамж аваад хотоо хөгжүүлээд байна. Монголын тал байдаггүй, хөгждөггүй. Бид өөрсдөө бодлогоо зөв болгож, засахгүй бол Замын-Үүд бахь байдгаараа л үлдэнэ. Худалдаа-тээвэр-үйлдвэрлэл гэдэг хоорондоо нягт уялдаатай салбар. Худалдааны тухай хуулиа батлах хэрэгтэй. Худалдаа хөгжихгүй бол аж үйлдвэр хөгжихгүй, энэ хоёр хөгжихгүй бол тээвэр хөгжихгүй ээ. Нөгөө талаар ахиад хэлэхэд Төр бол “чарга” түүний чирч байгаа “морьд” бол хувийн хэвшил гэсэн схемээр ажилламаар байна. Төр бодлогоо гарга, зохицуулалтаа хий, харин гүйцэтгэл дээр мэргэжлийн холбоод, МҮХАҮТ-аар дамжуулаад хувийн хэвшлийн оролцоог хангах хэрэгтэй.