Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар элсэлтийн ерөнхий шалгалтыг өнгөрсөн оноос эхлэн жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон билээ. Үүний дагуу энэ жилийн хоёр дахь элсэлтийн шалгалтын бүртгэлийг өчигдөр 09.00 цагаас эхлүүллээ. Бүртгэл ирэх сарын 10-ны 18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд өнгөрсөн хавар болон өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хамрагдах боломжтойг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв. Харин өдгөө 12 дугаар ангид суралцаж буй хүүхдүүдийг оролцуулах боломжгүй аж. Уг шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсноор өмнө нь хамрагдсан хүүхдүүд оноогоо ахиулах, эсвэл дахин их, дээд сургуульд суралцах боломж бүрдэж буйг дээрх байгууллагынхан тодотгосон. Шалгалтад оролцогчид eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн бүртгүүлнэ. Ингэхдээ шалгалт өгөх газраа сонгох эрхтэй юм байна. Нэг оролцогч хоёр болон түүнээс олон хичээлээр шалгалт өгөх боломжтой. Хураамжийн хувьд өнгөрсөн хаврын адил хичээл тус бүрийнх5800 төгрөг байх нь. Ташрамд дурдахад, өнгөрсөн өвлийн элсэлтийн шалгалтад оролцохоор 5326 төгсөгч бүртгүүлж байв. Тэдний 75 хувь нь Улаанбаатар, бусад нь орон нутагт шалгалт өгсөн юм.
Бэлтгэсэн: М.Оч