Шинжлэх ухаан, технологийн салбарт манлайлах дараагийн үеийн эмэгтэйчүүдийг бэлтгэх зуны солилцооны хөтөлбөр “TechGirls”-ийн өргөдлийг хүлээн авч эхэллээ. Шинжлэх ухаан, технологийн салбарт манлайлах эмэгтэйчүүдийг дэмжих, ур чадвараа дээшлүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжоор хангах зорилготой энэ хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооноос санхүүжүүлдэг аж. Үүнд оролцогчид нь ирэх жилийн долдугаар сард АНУ-д зохион байгуулах 24 хоногийн сургалтад хамрагдах юм. Тэтгэлгийн хэмжээнд үйл ажиллагаанд оролцох бүх зардал багтжээ. Хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-ын хотуудаар аялах, технологийн компанид дагалдангаар ажиллаж, америк айлд амьдарч, сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломжтой гэнэ.
Шалгаруулалт өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамжид тулгуурлах аж. Ярилцлагын шатанд тэнцсэн бүртгүүлэгчидтэй онлайнаар холбогдох юм байна. Уг хөтөлбөрийг 2022 оноос Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн ба сонгон шалгаруулалтаас шалгарсан гурав хүртэлх монгол сурагчийг АНУ-д дөрвөн долоо хоногийн динамик сургалт хамруулдаг. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудаснаас авах боломжтой.
Бэлтгэсэн: А.Үүлэн