Ургац хураалтын явцыг энэ сарын 18-ны байдлаар гаргасныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Манай улс эл хугацаанд 195.8 мянган га-гаас 293.6 мянган тонн үр тариа, үүнээс 185.9 мянган га-гаас 260.2 мянган тонн улаан буудай, 16.6 мянган га-гаас 161.2 мянган тонн төмс, 10.7 мянган га-гаас 144.3 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байжээ. Мөн 52.3 мянган га-гаас 235.3 мянган тонн тэжээлийн ургамал, 64.7 мянган га-гаас 27.2 мянган тонн тосны ургамал хураан авсан дүн гарсан аж. Ингэснээр үр тарианы хураалт 60.5, төмснийх хамгийн өндөр буюу 91.2, хүнсний ногооных 79.6, тэжээлийнх 51.4 хувьтай үргэлжилж буй юм байна. Үр тарианы хураалтын талаар дээрх яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Үр тариаг ойрын өдрүүдэд амжиж хурааж дуусахаар ажиллаж байна. Ямар нэг бэрхшээл үүсэхгүй болов уу.
Харин борлуулалтадзарим асуудал үүсэж магадгүй нь. Буудай, тэжээл худалдах, худалдан авах үнэ дээр гурилын үйлдвэрүүд, тариаланчид тохиролцож чадахгүй байгаа бололтой. Үтрэм дээр будаа ихтэй байгаа” гэв. Ташрамд дурдахад, энэ сарын 23 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг салбарын яамнаас мөн мэдээлсэн юм. Энэ сарын 22-нд Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орох аж. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байх гэнэ. Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус байх нь. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3-аас хоёр, өдөртөө 10- 15 градус дулаан байх төлөв гарчээ.
Бэлтгэсэн: Б.Сонор