Өрх болон аж ахуйн нэгжүүд эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжүүдийг ашигласнаар өөрсдийн эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой. Үйлдвэрлэлийн чиглэлээс үл харгалзан тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, нүүрс хүчлийн хийг багасгахад нөлөө үзүүлэх төслүүдийг ХААН Банк ногоон зээлээр санхүүжүүлдэг билээ. Тухайлбал, 20 болон түүнээс дээш хувиар эрчим хүчний хэмнэлт гаргах тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа, цахилгаан автомашин зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулах хэрэглээний болон бизнесийн ногоон зээлийг иргэн аж ахуйн нэгжүүд авах боломжтой.
Монголын үндэсний үйлдвэрлэгч “Витафит Инвест” ХХК-ийн органик өтгөрүүлсэн луувангийн шүүс үйлдвэрлэхэд зориулагдсан шинэ тоног төхөөрөмжийн “Монгол лууван” төслийг бид ногоон зээлээр санхүүжүүлээд байна. Энэхүү төсөл нь Монгол орны хөрсөнд тариалсан луувангаар импортын бараа бүтээгдэхүүнийг орлох, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хүргэх зорилготой юм. Тодруулбал, эх орны хөрсөнд тариалсан лууван болон төрөл бүрийн жимсээр үйлдвэрлэсэн сахаргүй ногооны нухаш учраас А, С, E, B аминдэм, K, Fe эрдэс бодисоор илүү баялаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж буй. "Витафит Инвест" ХХК нь чанарын менежментийн удирдлагын стандарт ISO 9001, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000, итгэмжлэгдсэн лаборатори ISO 17025 зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлж баталгаажуулсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ ашигладаг байна.
“Бид ногоон зээлд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлснээс гадна эрчим хүчний зардлаа 40-50 хувиар бууруулж чадсан. Дан ганц усны эрчим хүчний зардал л гэхэд 70-80 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хөдөлмөрийн бүтээмж 2-3 дахин ихсэж, хүний гар оролцоо 50 хувиар буурсан” хэмээн “Витафит Инвест” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ц.Отгонбат онцолж байна.
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд нь өндөр хүчин чадал, үр бүтээмж шаарддаг тул дэвшилтэт технологи бүхий хүчин чадал сайтай төхөөрөмжүүдээр солих эрэлт хэрэгцээ их байдаг аж. Мөн хэрэглэгчид илүү эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн, хүчин чадал сайтай тоног төхөөрөмж сонгох хандлагатай болсон тул жил бүр технологийн сайжруулалт хийдэг байна. ХААН Банк нь уг төслийг санхүүжүүлснээр тухайн үйлдвэр 24,7%-ийн эрчим хүч хэмнэх төхөөрөмжүүдтэй болж, эрчим хүчний хэмнэлтээрээ анхны хөрөнгө оруулалтаа 5.9 жилд нөхөх боломж бүрдсэн юм. Мөн жилд нүүрс хүчлийн хийг 195,7 тонноор бууруулах тооцоолол хийжээ. Энэхүү үнэлгээг ХААН Банктай хамтран ажилладаг олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх баг үнэ төлбөргүй гаргасан болно.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк