Улсын хэмжээнд уржигдрын байдлаар 94 195 тонн шатахууны үлдэгдэлтэй байсныг АМГТГ-аас мэдээллээ. Үүнээс А-80 бензиний 3375, АИ-92-ын 28 541, АИ-95-ын 2005, дизелийн түлшний 58 824 тоннын үлдэгдэлтэй байжээ. Өөрөөр хэлбэл, А-80 шатахууны 20, АИ-92-ын 23, АИ-95-ын 15, дизелийн түлшний 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байсан аж. Байршлын хувьд баруун бүсэд 8907, хангайнхад 4875, төвийнхөд 22 810, зүүн бүсэд 4542 тонн шатахууны үлдэгдэл байсныг мөн дурдлаа.
Улаанбаатар хотын хувьд 50 688 тонн шатахууны нөөцтэй байсан агаад АИ-92 бензиний 18, АИ-95-ын 15, дизелийн түлшний 26 хоногийн нөөцтэй байсан гэнэ. Манай улс энэ он гарснаас хойш 1.89 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Үүний 20.5 мянган тонн нь А-80, 538.4 мянга нь АИ-92, 13.3 мянга нь АИ-95/98, 1.04 сая нь дизелийн түлш, 44.3 мянга нь ТС-1 (онгоцны түлш), 35.6 мянга нь Жет А-1 түлш, 196.9 мянга нь бусад бүтээгдэхүүн аж.
Бэлтэсэн: Б.Сонор