Валют арилжааны “Найман шарга” захын ченжүүд өчигдөр фунт стерлингийг 4230 төгрөгөөр худалдан авч, 4300-гаар зарж байлаа. Энэ нь өнгөрсөн ням гаргийнхтай харьцуулахад авах, худалдах ханш нь тус бүр 30 төгрөгөөр чангарсан гэсэн үг. Эргэн сануулахад, дээрх захад энэ оны эхэнд ченжүүд фунтийг 4130 төгрөгөөр аваад, 4230-аар борлуулж байсантай харьцуулахад өдгөө 2.4, 1.7 хувиар өсөөд буй нь энэ. Тус захад өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Британийн мөнгөн тэмдэгтийг 4400 төгрөгөөр авч, 4430-аар худалдаж байсан билээ.
Монголбанкны зарласан ханшаар өчигдөр уг валют 4208.09 төгрөгтэй тэнцэв. 2023 оны эхний өдөр эл тоо 4156.6 байсан юм. Тэгвэл нэгдүгээр сарын 11-нд 4203.7, 23-нд нь 4318, зургаадугаар сарын 19-нд 4402.91 төгрөгтэй дүйж байсныг статистикаас харж болно. Фунтийн ханш нэгдүгээр сард 4200, 4300 төгрөг давсан нь эндээс харагдаж буй. Мөн долоодугаар сарын 17-нд уг валютын ханш 4504.13 төгрөгтэй дүйсэн удаатай. Энэ нь 2023 он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Бэлтгэсэн: Б.Сонор