2023 оны энх тайвны шагнал хүртээх хүнээ Норвегийн Нобелийн хороо энэ сарын 6-нд зарлав. Энэ хүндтэй шагналыг Ираны хүний эрхийг хамгаалагч эмэгтэй Наргес Мохаммадид олгох болсон байна. Ийнхүү Нобелийн энх тайвны шагнал олгох болсноос хойших түүхэнд түүнийг хүртэх хувь тохиосон 19 дэх эмэгтэй нь Мохаммади боллоо. Уг шагнал түүнд өндөрүнээр ирж буй юм. Энх тайвны шагналыг Ираны хүний эрхийг хамгаалагчид өгөх шийдвэр нь хүмүүсийн санаанд багтахааргүй юм уу, санамсаргүй юм биш. Шагналд нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн тэргүүн эгнээнд энэ эмэгтэйн нэр байсан аж. Тэдгээр нэрийг Осло хот дахь энх тайвныг судлах хүрээлэнгийн захирал Хенрик Урдал олон түмний сонорт хүргэсэн юм.
Эмэгтэйчүүдийг дарлах, мөлжихийн эсрэг хийсэн тэмцлийг нь үнэлж уг шагналыг Наргес Мохаммадид олгохоор шийдвэрлэсэн байна. Тэгэхдээ Талибан хөдөлгөөний тулгуур үзэлтнүүд төрийнх нь эрхийг барих болоод байгаа Афганистаны сэтгүүлч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөидэвхтэй тэмцэгч Махбуба Серажтай хамт уг шагналыг хүртэх ёстой байж. Гэвч Серажид олон түмний анхаарлыг хандуулж, түүнийг аюул осолд өртүүлэх нь илүүц гэж Нобелийн хороо үзээд зөвхөн Наргес Мохаммадийн нэрийг л зарласан аж. Мохаммади 350 нэрдэвшигчийг ялсны 258 нь хүн, 92 нь байгууллага байв. Энх тайвны шагналд 351 хүн нэрээ дэвшүүлсэн нь түүхэнд хамгийн олон юм.
Хатагтай Мохаммадид шагнал хүртээх болсон тухай Нобелийн шагнал эрхлэх хорооноос гаргасан хэвлэлийн албан ёсны мэдээлэлд “Иранд эмэгтэйчүүдийг дорд үзэхийг эсэргүүцэж, хүний эрхийг хамгаалж, бүх нийтийн эрх чөлөөний төлөө тэмцсэний учир...” хэмээн өгүүлсэн байна. “Бид өөр хоорондоо харилцан холбоотой ертөнцөд аж төрж буй. Иранд өдгөө хүмүүс эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Бидний ирээдүй үүний үр дүнгээс хамааралтай” гэж Украины иргэний эрх чөлөөний төвийн удирдагч, өнгөрсөн онд Нобелийн энх тайвны шагналтан болсон Александра Матвийчук баяр хүргэжээ.
Наргес Мохаммади 11 сая швед крон (нэг сая орчим ам.доллар)-ы шагнал, диплом, алтан медаль авах юм. Түүний нэр, шагнал хүртсэн оныг хүндэт шагналын бүртгэлд бичиж хадгална. Гэхдээ Иранд эмэгтэйчүүдийн эрхийг бусармаг байдлаар зөрчиж буй хэрэгт эрх баригчдын анхаарлыг татах нь чухалюм. Толгойн алчуураа буруу хэрэглэсний улмаас баривчлагдсан 22 настай Махса Амини охиныг Ираны хүчний байгууллагын ажилтнууд 2022 оны есдүгээр сард зэрлэгээр зодож хөнөөсөн нь тус улс даяар олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэж, удаан үргэлжилсэн уг тэмцэлд хоёр талаас олон хүний амь хохирсон билээ. НҮБ-ын тооцоолсноор эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр нухчин дарах үеэр олон хүн алагдсаны дотор насанд хүрээгүй 44 хүүхэд байжээ. Мөн20 мянга орчим хүнийг баривчилсан байдаг. Эсэргүүцэл олон сар үргэлжилсэн ч тухай бүрд нь хатуу ширүүнээр дарж байжээ. Иранчуудын үлэмж хэсэг нь, юуны түрүүнд залуус тулгуур үзэлтнүүдийн дундад зууны үеийн хуулиар, тэдний санаанаасаа зохиосон “уламжлалт нийгмийн ёсоор” амьдрахыг хүсэхгүй байгааг эдгээр үйл явдал харуулсан юм. Ийм эсэргүүцлийг Ираны эмэгтэйчүүд тэргүүлж, Наргес Мохаммади тэдний дуу хоолой болж байв.
Шагнал хүртэх хүний нэрийг зарлахдаа Норвегийн хорооны дарга Берит Рейс-Андерсен хэлсэн үгээ Махса Аминийг амиа алдсаны дараа олон мянган иран бүсгүй эсэргүүцлээ илэрхийлэхдээ цууриатуулж байсан “Эмэгтэйчүүд. Амьдрал. Эрх чөлөө” гэсэн уриагаар эхэлжээ.
Наргес Мохаммади одоо 51 настай, 1972 онд Ираны умард нутгийн Зенжан хотод төржээ. Тэнд ихэнхдээ азербайжанчууд аж төрдөг. Түүнийг залуу нас Курдистан мужид өнгөрсөн байна. Тиймээс түүнийг курдийн хүний эрхийг хамгаалагч гэх нь ч бий. Наргес Мохаммади нь Ираны “Хүний эрхийг хамгаалагчдын төв”-ийн удирдагчдын нэг юм. 20 жилийн өмнө2003 онд Нобелийн шагналыг Ираны өмгөөлөгч эмэгтэй Ширин Эбади авч байв. Мохаммади хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа 1990-ээд оноос Казван хотын санваартан Хомейнигийн нэрэмжит Олон улсын их сургуулийн физикийн салбарын оюутан байхаасаа эхэлжээ. Дипломоо авсны дараа Мохаммади инженерээр ажиллаж, хажуугаар нь орон нутгийн хэвлэлд өгүүлэл бичдэг байв. Үүнээс өмнө оюутны сонинд бас бичдэг, энэ нь түүний нэг ёсны хобби байлаа. Оюутан охины өөр нэг дуртай юм нь ууланд авирах байсан ч “улс төрийн найдваргүй” байдлаас нь шалтгаалж ийм юм сонирхохыг хориглосон аж. Энэ мунхаг хязгаарлалт өнөөгийн Иранд ямар дэглэм ноёрхож байдгийг тод харуулна.
2003 оноос Мохаммади дээр өгүүлсэн Нобелийн шагналт, өмгөөлөгч Ширин Эбадигийн үндэслэн байгуулсан Тегераны хүний эрхийг хамгаалах төвд ажиллах болжээ. Наргес Мохаммадид 2011 онд хоёр жил шоронд хорих анхны ялыг оноов. Шорон түүний амыг хааж чадсангүй, суллагдмагцаа нөгөө л хүний эрх хамгаалах үйл хэрэгтээ шамдав. Тэгтэл 2015 онд дахин баривчлахаар зэхэж байж. 2016 оны тавдугаар сард түүнд 16 жилийн ял оноосноор одоо шоронд хоригдож байгаа юм. Хүний эрхийг хамгаалах үйл хэргийнхээ төлөө, тодруулбал, Нобелийн шагнал авчирч буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, цаазын ялыг халахын төлөө тэмцсэний учир тэрбээр ийн хүү торны цаана суужээ. Тегераны улс төрийн хоригдлуудын “Эвин” хэмээх энэ ертөнц дээрх хамгийн аймшигт газрын нэгэнд Мохаммади ял эдэлж байна. Энд ор, цагаан хэрэглэл гэж байхгүй, хоригдлууд бетонон шалан дээр хажуулна. Эр, эм ялгаагүй бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг шоронгийн хуяг, ажилтнуудад зөвшөөрдөг нь “Эвин” хорих газрын нэрийн хуудас аж. 2020 онд Наргес Мохаммади суллагдаж, энэ чөлөөг “Эвин” шоронгийн тухай үнэнийг илчлэхэд зориулжээ. Шорон дахь бэлгийн хүчирхийллийн тухай, түүнд өөрөө өртсөнөө ч ярьсан байна. 2021 оны эцсээр Мохаммади дахин шоронд орж, одоо “Эвин”-д “аж төрж” байна.
Наргес Мохаммадид Нобелийн шагнал хүртээсэн тухай мэдээлэлд Ираны эрх баригчид ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байна. Ираны эрх баригчдад ойр байдаг шинжээч Мохаммад Маранди “Манай дэглэмийг халах гэсэн үйл ажиллагаандаа Өрнөд ялагдал хүлээсэн, тэр юуг ч өөрчилж чадахгүй. Өрнөдөд хэчнээн янзын бүтэц өөр хоорондоо холбоотой байдгийг л харуулж буй юм” гэж сайтдаа бичсэн байх аж.
Наргес Мохаммадигийн нөхөр, Ираны нэрт сэтгүүлч Таги Рахмани мөн л улс төрийн хоригдол юм байна. Тэд 1999 онд гэр бүл болж, удалгүй Рахмани торны цаана сууж, 14 жил хоригджээ. 2012 онд суллагдаад Франц руу цагаачилсан байна. Гэргий нь харин Ирандаа үлдэв. Тэд хоёр (ихэр) хүүхэдтэй. Үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөх байлаа ч Ирандаа үлдэж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Наргес Мохаммади амласан байдаг. Үйлдлээ зогсоохгүй байгаа ганцаар засаглах, шашны Засгийн газрын арьс өнгөөр ялгаварлах, эзэрхэг, хүйсээр дарлан мөлжих бодлогын эсрэг Ираны эрэлхэг эхчүүдтэй мөр зэрэгцэн эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй болготол нь тэмцлээ үргэлжлүүлнэ гэж тэр хэлдэг байна. Өөрөөс нь олон мянган километрийн хол Парист байгаа Нобелийн шагналтны гэр бүл нь “Энэ ялалт түүнд их үнээр олдохыг” хүлээн зөвшөөрч, ямар нэг нөлөө үзүүлж чадахаа байтал түүний амьдралын төлөө тэмцэж байгаа юм.
Торны цаанаас ч гэсэн Мохаммадигийн дуу хоолойг дэлхий дахин сонсож, энэ бүсгүй Ираны шоронгуудад улс төрийн хоригдол эмэгтэйчүүдийг тамлаж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй эсрэг тэмцсээр байна. 2022 онд Наргес Мохаммади хоригдлуудын дунд хэд хэдэн удаа эсэргүүцэл, тэмцэл зохион байгуулжээ. Шашны улайрагчид Мохаммадийг 13 удаа баривчилж, таван удаа шүүхээр буруутгаж, нийт 31 жил шоронд хорих ял оноосон байдаг. Шашны зүтгэлтнүүд түүнийг гөрмөл ташуураар 154 удаа ороолгох шийтгэл хүртэл өгч байв. Айхавтар ял шийтгэл, хилс хэлмэгдүүллийн зэрэгцээ Мохаммадид ололт амжилт, шагнал урамшууллын баялаг түүх бий. Түүнд Андрей Сахаров, Улоф Пальмегийн нэрэмжит болон дэлхийн ЮНЕСКО-гийн шагнал хүртээж, ВВС-гийн үзүүлэлтээр дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр тодруулж байв. 2023 оны Нобелийн энх тайвны шагнал нь Наргес Мохаммадийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч, түүний эдэлсэн гашуун хувь тавилан үр дүнгүй биш болохыг илэрхийлж байгаа юм.
Бэлтгэсэн: Р.Жаргалант