Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нэг сарын хугацаатай аяныг эхлүүлжээ. Тус аяныг нийслэлийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн албаныхан хамтран хэрэгжүүлэх аж. Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг зогсоох, архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээний талаар сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах юм байна. Мөн дүүрэг бүрээс архи, согтууруулах ундааны хамааралтай ч эмчлүүлэх хүсэлтэй сайн дурын 60 иргэнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран эмчилгээнд хамруулах гэнэ. Энэ үйл ажиллагаа нь ирэх сарын 25 хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эрхийг хангахтай холбоотойгоор УИХ-аас эрх зүйн орчныг сайжруулж, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ цаг үед иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах нь чухал” гэв.
Нийслэлийн хэмжээнд 2023 оны эхний есөн сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн 41.1 хувийг согтуугаар үйлджээ. Ялангуяа ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хохироох байдал түгээмэл байгаа .
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн