МУИС нь найман бүрэлдэхүүн сургуультай. Нийслэлд хичээлийн мөн тооны байртай, олон жилийн түүхтэй сургууль. Гэвч хичээлийн байрнууд нь нэг нэгээрээ “алга болсоор” байна. Тухайлбал, тус сургуулийн Газар зүй, геологийн сургуулийн барилгыг 2019 онд нураасан бөгөөд өдий хүртэл шинэчлэн бариагүй. Сургуулийн барилга “алга болдог” хэрэг ингээд зогссонгүй. Өдгөө хичээлийн III байраа нураахаар зэхээд буй билээ. Түүхийн дурсгал, соёлын өвд багтах барилгаа ийнхүү нураах болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.
Газар зүй, геологийн сургуулийн нэр нь хүртэл мартагдаж, байсан, эсэхийг нь мэддэг хүн ч ховорджээ. МУИС-ийн VI байр гэж тухайн үед нэрлэж байсан эл барилгын талаар оюутан, багш нараас нь асуухад төдийлөн мэдэхгүй байлаа. Энэхүү байрыг 1951 онд барьжээ. Үүнээс 55 жилийн дараа буюу 2006 онд Барилгын тухай хуулийн “хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлж, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн 8.1.1 дэх заалтын шаардлагыг хангахгүй гэж барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Буяннэмэх дүгнэж, ашиглахыг хориглосон байна. Мөн 2011 онд барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн үзлэгээр үндсэн хийц бүтцүүдийн бат бэх, тогтвортой байдал муудсан тул аюулгүй байдал хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Цаашлаад мэргэжлийн хяналтын байгууллагынхны дүгнэлтийг үндэслэн 2019 онд нураасан байна.
ХБНГУ-ын Элчин сайдын яамны хашаатай урд талаараа залгаа, баруун талаасаа “Түшээ” дээд сургуулиас найман метрийн зайд байсан уг хичээлийн байр нь Г хэлбэртэй, хоёр давхар байжээ. Газар зүй, геологийн сургуулийн төгсөгч Г.Бямбабаяр “Тухайн үед хоёрдугаар давхрын шал цөмөрч, барилгад гэмтэл гарсан. Тиймээс аюулгүй байдал хангахгүй болсон санагдаж байна. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль манай харьяа байсан тул бид тэнд хичээллэж эхэлсэн” гэлээ. Тухайн сургуульд ажиллаж байсан нэгэн багш “Хичээллэж болохгүй, эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарснаас хойш бид Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн байр луу нүүсэн. ураах төлөвлөгөөтэй байсан ч Боловсрол, шинжлэх ухааны сайд солигдсоноос ажил нь хойшилсон байх” гэв.
Хотын төвд явган хүний замыг хааж, төмөр хашаа татсан нь МУИС-ийн III байр буюу Хууль зүйн сургуулийн барилгыг нураах бэлтгэл ажлын нэг хэсэг. Зарим цонхыг авч, танхимуудыг хөндийлжээ. Дотор нь үйл ажиллагаа явуулсан шинжгүй, хүн ч үгүй харагдав. Тус барилга нь А, В хоёр блокоос бүрддэг. Байрыг нь нэгэнт хаасан учраас Хууль зүйн сургуулийнхан энэ хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаагаа МУИС-ийн харьяа “Улаанбаатар” сургуульд явуулж эхэлсэн. Энэ нь хичээлийн төв байрнаас 2.7 км-ийн зайтай. Оюутнууд хичээлдээ явахад 30-40 минут зарцуулдаг байна. Автобусны буудлаасаа 5-10 минут явж, сургуульдаа очдог. Төв байрнаас дараагийн хичээлдээ орохоор ирэхэд завсарлага хоорондын 10 минутад амждаггүй гэнэ. “Улаанбаатар” сургуулийн хичээлийн байр нь дөрвөн блокоос бүрддэг. Лекцийн анги нь урт, нарийнхан тул тав тух муутай талаар оюутнууд хэлсэн юм. Өмнөх хичээлийн байр нь тухтай байсныг суралцагчид дурсан ярьцгаалаа. Хуучин байрнаас авчирсан ширээ, сандал нь эндхийн анги, танхимд багтахгүй учраас коридорт тавьсан байв.
Хичээлийн байруудаа ийнхүү нураах болсон нь МУИС сургалтын баазаа өргөжүүлж, хөгжүүлэхтэй холбоотой гэж албаны хүмүүс тайлбарлав. Тухайлбал, “МУИС кампус” төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн мэдээллийг тус сургууль цахим хуудсандаа байршуулжээ. Үүнээс харвал А блокийн буурин дээр 18 давхар барилга барихаар төлөвлөж, 36.1 тэрбум төгрөгийн төсөв шаардагдана гэж тооцоолсон аж. Үүнийг улсын төсвийн хөрөнгөөр шийдэхээр болсон байна. Мөн В блокийг 12 давхар болгон барихаар тооцоолж, хөрөнгө оруулалтын төсвөөсөө 13.2 тэрбум төгрөг зарцуулах гэнэ.
МУИС-ийн санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ч.Энхбаяраас энэ талаар тодруулахад “Хичээлийн III байрны хувьд тендерийг нь зарлаад, ажил гүйцэтгэх компани нь шалгараад, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Удахгүй газраа цэвэрлэж, ирэх хавраас барилгын ажил үргэлжилнэ. Урьдчилсан байдлаар 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. VI байрыг МУИС салбар дундын шинжлэх ухааны төв нэртэйгээр хуучин буурин дээр нь барихаар төлөвлөсөн. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 16 давхар шинэ барилга барих юм. Уг ажлын тендер зарлах эрх нь Боловсролын ерөнхий газар луу шилжсэн. Тус байрыг барьж дууссаны дараа бүх лабораторио тийш нь шилжүүлэх төлөвлөгөөтэй” гэв.
“МУИС кампус” хөгжлийн төвийн эрхлэгч В.Алтансүх “Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын 2002 оны тогтоолоор 1329 ам.метр газрыг МУИС-д 15 жилийн хугацаатай олгосон. 2019 онд газрын шинэчилсэн бүртгэлийн мэдээллээ авахад 1328 ам метр болсон байв. Газар зохион байгуулалтын албаныхнаас үүнийг тодруулахад шинэчлэл хийхэд нэг тооны зөрүү гардаг гэсэн хариу авсан. 2015 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол” төслийн хүрээнд урд хөршөөс 23 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож, VI байрыг барих гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ 1.2 сая ам.долларыг манай улсын Засгийн газар хариуцахаар тохиролцсон” хэмээв. Хоёр улсын хамтын ажиллагааны дагуу VI байрны суурин дээр шинэ сургууль барихаар ажил эхлэх техникийн бэлэн байдлыг хангасан ч “Ковид-19” цар тахал гарсны улмаас саатсан гэнэ.
МУИС ийнхүү зарим сургуулиа нурааж, заримыг нь нураахаар зэхсэн ч тэдгээрийн суурин дээр хэзээ шинэ барилга барих нь тодорхойгүй байна. Тус сургууль 2018, 2022 онд сургалтын төлбөрөө тус бүр 20 хувиар нэмж байв. Оюутнууд үүнийг эсэргүүцэхэд сургалтын орчноо сайжруулах зорилгоор төлбөрөө нэмсэн талаар тайлбарлаж байсан аж. Гэсэн ч сургалтын орчин сайжрах нь битгий хэл, улам дордсоор буйг өнөөгийн нөхцөл байдал илэрхийлэх биз ээ.
Монголын ууган их сургууль МУИС-ийн барилгууд нь Улаанбаатар хотын түүхийн чухал хэсэг. Түүнчлэн үе үеийн төгсөгчдийн залуу насных нь алдаа, оноо, оюутны насны нандин дурсамжийг хадгалдаг газар. Мөн архитекторуудын хэлснээр Бага тойруу дахь барилга, байгууламжууд нь архитектурын хувьд ансамбль буюу чуулган хэлбэртэй баригдсанаараа онцлогтой бөгөөд МУИС-ийн хичээлийн байрууд үүний чухал хэсэг нь болдог аж. Гэтэл тэдгээрийг нэг нэгээр нь нурааснаар ансамблийн үзэл санаа, дүр төрх алдагдаж, Улаанбаатарын архитектурын түүхэн дурсгалын чухал хэсэг нь устана хэмээн эсэргүүцсээр байгаа юм. Харамсалтай нь, сургуулийн удирдлага, боловсролын салбарын холбогдох бусад байгууллагынхан үүнийг үл тоосоор ирлээ. Түүнчлэн нураасан барилгуудынхаа оронд шинийг барих ч үгүй, зарим сургуулийнхаа оюутнуудыг хүнд нөхцөлд хичээллүүлсээр байна.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн