Улсын хэмжээнд энэ онд 18.1 сая төл хүлээн авч, 5.1 сая малыг дотоодын хэрэгцээнд, 12.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулан 62.8 сая мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарчээ. Энэ жил отор, нүүдлийг бүс дотроо босоо чиглэлд зохицуулах шийдвэр гаргаад буй бөгөөд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа аймгуудаас захиалга авч Орон тооны бус зөвлөлийн хурлыг хийж эхлээд байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Хадлан, тэжээл бэлтгэлийн талаар дээрх яамнаас мөн мэдээлсэн бөгөөд улсын хэмжээнд дугуйт трактор 4110, үүнээс бага оврын 3229, ангилан хадагч 2016, морин хадуур 819, гар хадуур 36 215, тармуур 3148, хаман боогч 724, нуруулдагч 33, тракторын чиргүүл 1911-ийг ашиглаж байгааг дурдлаа. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар малчид 947.5 мянган тонн өвс, 341 тонн сүрэл, 11.2 мянган тонн ногоон тэжээл, 4.5 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 24.4 мянган тонн гар тэжээл, 1280.5 тонн дарш, 33.2 мянган тонн давс, хужир шүү бэлтгэжээ. Энэ нь малчид өвс, тэжээлийнхээ 63.3 хувийг бэлтгэсэн гэсэн үг аж. Өвс, тэжээл бэлтгэх явц баруун бүсийн аймгуудад 82, төвийнхөд 60.7, говийн бүсийнхэд 11.4, зүүн бүсийнхэд 68 хувьд хүрчээ.
Бэлтгэсэн: Б.Сонор