Өдгөө манайд бодлогын хүү13 хувьтай байна. Харин арилжааны банкуудын бизнесийн зээлийн дундаж хүү энэ оны эхний хагас жилд 17 хувьтай байв. Хэдийгээр зээлийн хүү сүүлийн таван жилд жил бүр 1-2 пунктээр буурч, дээрх түвшинд очсон ч хөгжиж буй орнуудын дунджаас өндөр, хүртээмж бага, шалгуур их гэдэгтэй санал нийлэх хүн олон. Арилжааны банкуудын зээлийн хүү болон шалгуурыг багасган, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрсөлдөөн чухал үүрэгтэй. Өрсөлдөөнийг бий болгоход тухайн салбар олон тоглогчтой байх тусмаа сайн. Тиймээс ч банкны салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үүнийг татах зорилгоор УИХ-аас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Ингэснээр гадаадын банкууд манайд төлөөлөгчийн газраа нээх, улмаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн гэсэн үг. Гэвч дээрх хуулийг баталснаас хойш есөн сарын хугацаа өнгөрөхөд манайд үйл ажиллагаа явуулах сонирхлоо нэг ч банк илэрхийлсэнгүй.
Эл хуулийг батлахаас өмнө буюу 2008-2022 онд манайд Англи, Нидерланд, Японы нэр хүнд бүхий банкуудын төлөөлөгчийн газар үүдээ нээж байжээ. Гэсэн ч жилийн өмнө Японы хоёр банкны төлөөлөгчийн газар хаагдсанаар өдгөө БНХАУ-ын “Bank of China”, “Industrial and commercial bank of China”-гийн(ICBC) төлөөлөгчийн газар л үлдээд байна. Гадаадын банкны төлөөлөгчийн газрууд татан буугдсан шалтгаан нь дээрх хуулийн талаар олон жил ярьсан ч батлахгүй удсантай холбоотой гэж болох аж. Харин БНХАУ-ын банкуудын төлөөлөгчийн газар нь манайд үйл ажиллагаа эрхлэх албан ёсны хүсэлт гаргаагүй, ажиглагчийн байр суурьтайгаар ийнхүү 10 гаруй жил болжээ. 2021 оны байдлаар тус улсын 18 банк уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй Латин Америк, Австрали, Канад зэрэг 50 гаруй улсад 1.5 их наяд ам.доллартой тэнцэх хэмжээний актив бий болгон, 1200 орчим охин компани, салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Гадаадын банкнуудаас хөрөнгө оруулалт татах нь мөнгөний нийлүүлэлт, санхүүгийн салбарын бүтээмжийг өсгөн, өрсөлдөөн бий болгохоос гадна мэдлэг, шинэ техник, технологи нэвтрүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар эдийн засгийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх зэргээр олон эерэг дам нөлөөг нийгэмд бий болгодог аж. Тиймээс ч Монголбанкнаас гадаад орнуудын Төвбанк, арилжааны томоохон банкуудын төлөөлөлтэй уулзах бүртээ л “Төлөөлөгчийн газраа нээвэл дэмжиж ажиллахад бэлэн. Эрх зүйн орчин нээлттэй” хэмээн илэрхийлсээр буй юм билээ. Тодруулбал, энэ он гарснаас хойш дээрх банкныхан Япон, БНСУ, БНХАУ-ын банкуудын төлөөлөлтэй уулзахдаа манайд салбараа байгуулах боломжийн талаар танилцуулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ. Гэвч эл саналыг гадаадынхан төдийлөн сонирхохгүй байгаа нь дараах хэд хэдэн шалтгаантайг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, Монгол Улс хүн ам цөөнтэй, жижиг зах зээлтэй, аж үйлдвэр болон өндөр технологийн үйлдвэрлэл хөгжөөгүй нь нөлөөлдөг аж.
Түүнчлэн чанаргүй зээлийн хэмжээ их, муу зээлийг эргэн төлүүлэхэд ихээхэн хугацаа, зардал шаарддаг нь мөн нөлөөлдөг гэнэ. Төрийн өмчит компаниуд өр ихтэй, өрийн сүлжээ үүссэн байх нь засаглалын чадамжгүй байдлыг илэрхийлж банкны салбарт хөрөнгө оруулалт татахад хүндрэл учруулах нэг нөхцөл болдог юм байна. Гадаадын банкийг дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг хэрхэн бий болгох талаар Төвбанкнаас тодрууллаа. Тус банкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Мэдээж монголчууд бидний санхүүгийн хэрэгцээ, шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох, өгөөжтэй, банкны салбарт эерэг нөлөө үзүүлэхүйц гадаадын банк манайд үйл ажиллагаа явуулбал сайн. Нөгөөтээгүүр, тухайн бизнес эрхлэгчид өөрсдөө ашиг хүртэх ёстой. Гадаадын томоохон банкуудын хувьд 195 орон, тэр дундаа хөгжиж буй, дундаж орлоготой 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулах боломж бий. Тэгэхээр бид санхүүгийн салбартаа хөрөнгө оруулалт татахын тулд 100 гаруй улстай өрсөлдөх ёстой гэсэн үг.
Гадаадын банкууд дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэхэд ямар хүчин зүйлсийг харгалздаг бол гэсэн асуултын хариултыг хайсан судалгаа ч олон байна. Үүнд харилцагчаа дагаж орж ирэх, тухайн улсын зах зээлийн орчин, байршлын давуу талыг харгалзан үзэх, толгой компанийнхаа стратеги, бодлого төлөвлөлтийн хүрээнд болон зардлын тооцоонд үндэслэх гэж ангилж болно. Тодруулбал, Оюутолгойн уурхайн ашиглалтын хүрээнд “Оюутолгой” компанийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаадын банк ажиллаж болох бөгөөд үндэстэн дамнасан томоохон групп манайд үйл ажиллагаа явуулах нь санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт татах нэг нөхцөл болно гэсэн үг. Эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ, эх үүсвэрийн, хадгаламжийн болон дотоод зээлийн хүүгийн зөрүү, татварын орчин, банкуудынх нь зах зээлийн хэмжээ, эрэлт, улс төрийн тогтвортой байдал, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдал зэрэг нь чухал нөлөөтэй.
Иймээс бид эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үүнийг татах тогтвортой бодлого баримтлах, засаглалаа сайжруулах зэргээр гадаадын банк үйл ажиллагаа явуулахаас татгалзахад хүргэх хүчин зүйлийг цогцоор нь харах, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” хэмээв. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай банк ажиллах нь дээр дурдсан давуу талуудаас гадна шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн хэмжээгээ өсгөн, тухайн улсын санхүүгийн салбарт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдүүлдэг юм байна. Бас харилцагчдынхаа бизнесийг тогтвортой байлгахад анхаарч, улмаар энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, бүтээмжээ сайжруулах нөхцөл болдог гэнэ. Иймээс гадаадын банкуудын дотоод зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчныг сайн сурталчлах ёстойг тэрбээр дурдлаа.
Монголын банкны холбооноос байр суурийг нь сонирхоход “Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг боловсруулахад манай байгууллага оролцон, саналаа өгсөн. Тус хуулийг баталснаар банкны салбарт гадаадын хөрөнгө оруулагчид оролцох, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгон, заавал мөрдөх журам зэргийг хавсаргаж өгсөн. Тухайлбал, гадаадын банкууд хөрөнгө оруулалтын чиглэлээр л үйл ажиллагаа явуулна, иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж татахгүй, иргэдэд зээл олгохгүй, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын хуулийн этгээдийн хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг худалдан авахгүй байх зэргийг тусгасан. Манай банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт огт байхгүй биш. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн 14 орчим хувийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлж буй.
Цаашид эдийн засгийн бүтээмжээ сайжруулж, ялангуяа банкнаас өөр салбарт ч гадаадын хөрөнгө оруулалт татан, үндэстэн дамнасан томоохон корпорац, групп үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгож чадвал гадаадын банкууд манайд ажиллах сонирхол нэмэгдэнэ. Нөгөө талаас тэдгээр банк үйл ажиллагаа явуулахын давуу болон сул талыг тооцоолж, дотоодын зах зээлээ хамгаалсан, банк санхүүгийн салбарынхаа тогтвортой байдлыг хадгалах талаар бодлого боловсруулагчид үргэлж анхаарах нь зүйтэй” гэв. Гадаадын банкуудын үйл ажиллагаа идэвхэжсэнээр дотоодын банкуудын ашигт ажиллагаа, нийт зээлийн хэмжээ багасах, стратегийн ач холбогдолтой салбар дахь төслүүдэд хөрөнгө оруулах замаар хяналтаа тогтоох, өрсөлдөөн нэмэгдсэнээр зээлийн шалгуур буурч, улмаар чанаргүй зээлийн хэмжээ өсөх, олон улсын санхүүгийн зах зээлд томоохон хүндрэл үүсвэл тухайн улсын санхүүгийн тогтвортой байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар үүсэх магадлалтай учраас тэр гэнэ.
Сангийн яамнаас “Гадаадын банкуудыг төлөөлөгчийн газар, салбараа нээхийг урих, хамтын ажиллагаа бий болгох талаар Сангийн яам, Төвбанк, Үндэсний хөгжлийн газар нэгдмэл байр суурьтай байгаа. Бид хуулиа баталсан. Цаашид мэдээлэл, сурталчилгаагаа илүү сайжруулах, хуулиа таниулах шаардлагатай. Засгийн газар болон салбарын яамныхан гадаад улс дахь айлчлал, арга хэмжээ бүрт л энэ талаар дурдан, хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж буй” гэсэн юм. Гадаадын банкуудыг манайд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох хууль журмаа баталсанчэдийн засгийн бүтээмж тааруу, аж үйлдвэрлэл хөгжөөгүй, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ бага зэрэг нь саад болсоор байна.