Дэлхий ноолуурын салбарт 20 гаруй тэрбум ам.доллар эргэлддэг бөгөөд тус салбарын нийт ноолуурын 50 орчим хувийг Монгол Улс нийлүүлдэг. Гэтэл 80 хувийг нь угаагаад л экспортод гаргаж, 20 хувьд нь үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ноолуураа өөрсдөө самнаад экспортод гаргах, дараа дараагийн үйлдвэрлэлийн шатруу шилжих асуудлыг Үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
“Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг мэдээлэл хийлээ. УИХ-ын 2022 оны тавдугаар сарын 5-ны өдөр батлагдсан “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 380 дугаар тогтоолоор ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх, техникийн зохицуулалтыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр мөрдөхөөр баталсан байна. Гэвч Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 66 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж, техникийн зохицуулалтыг 2024 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Салбарын яамны зүгээс тус тогтоолыг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ. .
Монгол Улсад 2022 оны байдлаар 40 үйлдвэрт 6017 тонн самнасан ноолуур (энэ нь 9257 тонн түүхий ноолуур) үйлдвэрлэж гаргах хүчин чадал суурилагдсан байсан бол техникийн зохицуулалт гаргаснаар 17 үйлдвэр 3510 тонн хялгас ялгах тоног төхөөрөмж нэмж суурилуулан, 1910 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг захиалсан байна. Ноолуурын техникийн зохицуулалт гарснаар шинээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 2023 оны байдлаар хялгас ялгах үйлдвэрүүдийн нийт хүчин чадал 11,437 тонн (17595 тн түүхий ноолуур ) болж нэмэгджээ. Энэ нь Монгол Улсаас бэлтгэгдэж байгаа 10000 тонн ноолууран түүхий эдийг 100 хувь боловсруулах боломж бүрдсэн гэдгийг дурдлаа.
УИХ-ын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилт болон ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал ахалж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.