Монголын барилгын материалын импортын 63 хувийг БНХАУ-аас бүрдүүлж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэл төслийн 80 орчим хувийг хятадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрч, үүний 64 хувийг буюу 12,5 тэрбум ам.долларыг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлдэг.
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон хятадын талтай хамтран “Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”-ыг ирэх арваннэгдүгээр сарын 7-нд БНХАУ- ын Бээжин хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү чуулганд Монгол Улсын барилгын салбарын Төрийн болон Төрийн бус байгууллагын удирдлагууд, БНХАУ - ын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд, БНХАУ-ын талаас Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ханган нийлүүлэгчид оролцоно.
Чуулганы үеэр Монголын барилгын салбарын зах зээл, онцлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах илтгэлүүд тавигдаж, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт, “Бизнес аялал”-ыг зохион байгуулна.