Нийгмийн даатгалын сангаас он гарсаар есөн сарын хугацаанд нийт 492 339 иргэн тэтгэвэр авчээ. Үүнээс өндөр настны тэтгэврийг 384 043, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 66 628, цэргийн тэтгэврийг 21 237, тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 20 431 хүн авч байгаа мэдээллийг ҮСХ-ноос өглөө.
2023 он Нийгмийн даатгалын сангийн орлого 466.4 тэрбум төгрөгөөр өсөж, нийт орлого 3 их наяд төгрөгт хүрээд байна. Харин зарлага нь 421.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт зарлага 2.9 их наяд төгрөгт хүрчээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2023 оны эхний 9 сард 14.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3 (18.2%) их наяд төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 664.0 (26.6%) тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 655.2 (30.2%) тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 643.6 (9.6%) тэрбум төгрөг, хүүгийн зардал 332.5 (56.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийт зардалд хөрөнгийн зардлын эзлэх хувь 2023 оны эхний есөн сард өмнөх оны үеэс 1.7 нэгж хувиар, бараа үйлчилгээний зардал 1.6 нэгж хувиар, хүүгийн зардал 1.5 нэгж хувиар өсөж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 4.2 нэгж хувиар, татаас 0.6 нэгж хувиар буурсан байна.
Хөрөнгийн зардал 2023 оны эхний 9 сард 2.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 655.2 (30.2%) тэрбум төгрөгөөр өссөн. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеэс 259.1 (15.6%) тэрбум төгрөгөөр, тоног төхөөрөмжийн зардал 201.2 (2.9 дахин) тэрбум төгрөгөөр, бусад хөрөнгийн зардал 178.9 (56.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ