Гаазын зурваст юу болох нь тодорхойгүй байгаа, нөхцөл байдал цаашид улам хурцдаж магадгүй гэх болгоомжлолоос шалтгаалж газрын тосны ханш өсөөд байна. Өнгөрсөн баасан гарагт бараг зургаан хувиар дээшлэн баррель нь 91 ам.долларт хүрсэн нефтийн ханш өчигдөр тогтвортой байв. Палестины ХАМАС бүлэглэл Израил руу довтолсон нь зах зээлд нөлөөлж байгааг бид мэдээлсэн билээ.
“Хэрэв газрын тосны нийлүүлэлтэд ямар нэгэн өөрчлөлт гарвал баррель нефтийн ханш тэр дорхноо 100 ам.долларт хүрэх магадлалтай” хэмээн “Nissan securities”-ийн охин компани “NS trading”-ийн ерөнхийлөгч дурдсаныг “Reuters” эш татав. Эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор баррель газрын тосны ханш 100 “ногоон”-д хүрч болзошгүй хэмээн “ANZ research”-ийн шинжээчид мөн таамагласныг CNN уламжиллаа. Хэдийгээр Израил газрын тосны томоохон үйлдвэрлэгч биш ч Ирантай холбоотой ямар нэгэн асуудал үүсвэл “хар алт”-ны ханшид нөлөөлөхийг шинжээчид онцолсон байна. Эл бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчид тооцогддог Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийлүүлэлтэд ч нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилж буйгаа зах зээлд оролцогчид илэрхийлжээ. Эргэн сануулахад, Саудын Араб, ОХУ газрын тосны нийлүүлэлтээ энэ он дуустал бууруулахаа өмнө нь мэдэгдсэн билээ. Capital.com-ын санхүүгийн зах зээлийн ахлах шинжээч Кайл Родда “Гаазын зурваст өрнөж буй үйл явдал алт, газрын тосны ханшид ихээхэн нөлөөлж байна” хэмээн өгүүлжээ. Ташрамд дурдахад, баасан гарагт унци нь 63 ам.доллароор өссөн алтны үнэ өчигдөр 12 орчим “ногоон”-оор нэмэгдэн 1919.3-т хүрсэн юм.