Манай улсын хүн амын тоо энэ сарын 14-нд 3.5 саяд хүрсэн тухай иргэд цахим орчинд бичиж байв. Урд хөршийн цахим мэдээллийн хэрэгслүүдэд ийнхүү мэдээлснийг иргэд уламжилсан юм. Гэтэл хүн амын тоо хараахан дээрх хэмжээнд хүрээгүй гэнэ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн мэдээлснээр Монгол Улсын хүн ам өнгөрсөн сарын эцэст 3 493 660 болжээ. Улмаар ирэх сард 3.5 саяд хүрэх төлөвтэйг тэр бээр дурдсан байна. Манайд сард 5400 хүүхэд төрж, 1400 хүн нас барж байгаа гэсэн тооцоололд үндэслэн дээрх хугацааг тогтоосон гэнэ. Ташрамд дурдахад, тус хорооноос гаргасан хүн амын хэтийн төлөвийн тооцооллоор бол манай улс 2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох нь. Тэгвэл 2045 онд хүн амын тоо таван саяд хүрэх төлөвтэй юм байна.