Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.7 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь 5.1 их наяд төгрөгөөр буюу 40.7 хувиар өссөнийг харуулж байна. Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 16.9 их наяд төгрөгт хүрч, 5.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 14.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
Татварын нийт орлого 2023 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.2 (48.3%) их наяд төгрөгөөр өссөн. Үүнд, орлогын албан татварын орлого 1.9 (79.6%) их наяд төгрөг, нийгмийн даатгалын орлого 629.3 (29.8%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 562.9 (19.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 77.6 (11.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна.