Иргэд гадаадад хөдөлмөр эрхлэхээр зуучлуулахдаа залилан, гэмт хэрэгт өртсөн тохиолдол олширсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас анхаарууллаа. Тиймээс зуучлагч нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан, эсэхийг тогтмол нягтлахыг иргэдэд зөвлөв. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийн дагуу дээрх яамнаас Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, дадлагажихад зуучлах үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тусгай зөвшөөрөл олгож буй юм байна. Ажилд зуучлах байгууллага нь тусгай зөвшөөрөл авсан, эсэхийг license.mn, mlsp.gov.mn цахим хуудаснаас шалгаж болох нь. Түүнчлэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээүзүүлэх журамтай сайтар танилцахыг зөвлөлөө. Зуучлагч байгууллага нь хуульд зааснаас бусад төлбөр, хураамж, дэнчин, барьцаа болон хүлээн авагч талын хариуцах зардлыг тухайн иргэнээс авах ёсгүйг ч сануулав.