Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнийг цагдаагийн ажилтанд хахууль өгсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 5.4-4 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгуулж байсан аж. Энэ үедээ буюу өнгөрсөн зун оршин суудаг хорооныхоо хэсгийн байцаагчаар ажиллаж байсан, ахлах дэслэгч О.Ж-д хахууль өгч хэргээ хаалгах гэж хандсан гэнэ. Улмаар цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүнийх нь дансруу хоёр ч удаа мөнгө шилжүүлсэн байна. С.Гал-Эрдэнэд холбогдох зөрчлийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн бол тэрбээр албадан сургалтад сууж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээх байсан юм.
Тэрбээр Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр улсын өсөх идэр начин Э.Э-ыг хэрцгийгээр зодож, аминд нь хүрсэн хэрэг гарах үед хамт архи ууж байсан, гэрч, хохирогчоор тогтоогдон шүүхэд мэдүүлэг тайлбар өгч байсан билээ.