Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг энэ сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, "Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 21 жилийн хугацаанд энхийг сахиулагчдаа ажиллагааны газар оронд хүргэх, эргүүлэн татах ажиллагааг гадаадын нислэгээр гүйцэтгэдэг байсан.
Энэ мөчөөс Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч компаниар тээвэрлэх болсондоо баяртай байна. Энэ нь Үндэсний агаарын тээврийг хөгжүүлэх төрийн бодлогод нийцэж байгаа юм" гэдгийг онцоллоо.
Мөн энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллах, Монгол цэргүүдээ тээвэрлэх болсондоо баяртайгаа байгаагаа илэрхийлэхийн хамт цаашид бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна хэмээв.
Талууд цаашид “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.