Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023- 2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Улмаар тус ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхийг сайдад даалгав. Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байгаа аж. Энэ сарын сүүлч гэхэд 95 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Дулааны болон цахилгаан станцууд 526.4 мянган тонн нүүрс, 1569 тонн мазутын нөөцтэй байгаа гэнэ. Мөн дөрвөн шугам ажиллуулан, хоногт дунджаар 2300 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нөөцийг 118.2 мянган тоннд хүргэжээ. Мидлингийн нөөц нь 175 мянга, барьцалдуулагчийнх 730 тонн, шуудайных 383.1 сая ширхэг байгаа аж. Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр цахилгаан, эрчим хүчний хэрэглээ, боловсруулалт өмнөх оныхоос 6.4 хувиар өссөн байна.
Түүнчлэн өмнөд хөршөөс манайд олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт, импортын банкны хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх гэж буй. Уг төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг гаргахаар тогтсоныг сайд Б.Чойжилсүрэн уламжлав. Ирэх долоо хоногт БНХАУ-д “Бүс ба зам” олон улсын хурал болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүнд оролцох аж. Энэ үеэр дээрх хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Сайдын хэлснээр төслийн нийт өртөг 266 сая ам.доллар. Үүний 95 хувь буюу 253 сая ам.долларыг зээлэх нь. 20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй зээл бөгөөд долоон жилийн дараа төлж эхлэх аж.
Бэлтгэсэн Б.Уран