Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн А/118 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж, Хөдөлмөрийн, аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулж, хуулийг шинэчлэн боловсруулахад анхаарах зарчмын асуудлаар санал солилцлоо.
Хуулийг боловсруулахдаа Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 155 дугаар суурь конвенц, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суурь тогтолцооны 187 дугаар конвенцын зарчим, зүйл, заалт, УИХ-аар шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулиуд болон холбогдох дүрэм, журамтай уялдуулах юм. Мөн мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай юм.