Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэн" УЦС барих төслийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд Хятадаас 253 сая ам.долларыг 20 жилийн хугацаатай, 2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авахаар болсон талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тодруулбал, ирэх долоо хоногт БНХАУ-д болох “Бүс ба зам” олон улсын хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. Энэ үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Үүний нэг нь БНХАУ-аас зээлэх нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ юм. Зээлийн тусгайлсан хэлэлцээрийг байгуулахаар талууд тохиролцжээ. Энэ хүрээнд хятадын талаас “Эрдэнэбүрэн" УЦС барих төсөлд шаардлагатай 266 сая ам.доллараас 253 сая ам.долларыг авах гэрээнд гарын үсэг зурна. Монголын талаас төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна.
өөрөөр хэлбэл, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэн" УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.