Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүд, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Тодруулбал, Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах багц хуулийн төсөлд:
- Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгож байна. Мөн хүнийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.
- Бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига албан тушаалын хэргээр хоригдсон этгээдийг хугацаанаас өмнө суллахгүй. Энэ төрлийн гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 25 жил болно.
- Эрүүгийн хуульд 1984 оноос хойш өөрчлөгдөөгүй нэг ойлголт бол бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон хэвээр байна. Төсөлд бага насны хүүхэд гэх ойлголт буюу 14 насыг 16 болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг 12-оос дээш жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноохоор хуулийн заалтыг чангатгахаар тусгажээ.
- Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан хууль сахиулагчдад оноох ялын хэмжээг 1-5 жил болгож, чангатгаж байна. Мөн дээр нь төрийн албанд ажил эрхийг нь 3-5 жилээр хязгаарлана. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд анхны албан даалгавар өгчээ.
- Хүчингийн хэргээр ял эдлээд гарч байгаа хүмүүст 10 жилийн цахим хяналт тавина.
- Бага насны хүүхэд сураггүй алга болсон эсвэл олсон тохиолдолд энэ тухай шуурхай мэдээллийг харилцаа холбооноос үнэгүй иргэн бүрт хүргэх заалт оруулжээ.
- Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг гэмт хэрэгт тооцно. Ингэхдээ эхний тохиолдолд 2-3 жил хүртэл жолоодох эрхийг нь хасах, 450 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох, 6 сараас 1 жил зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг санкцыг оруулж өгч байна. Мөн дээрх үйлдлээ давтан хийвэл хорих ял, торгууль, зорчих эрхийг хязгаарлах нөхцөлүүд хоёр дахин нэмэгдэнэ.
Харин торгуулиа төлөөгүй жолооч нарт дараахь өөрчлөлтүүдийг оруулна. Үүнд, нэг жилийн хугацаанд торгуулиа төлөх хугацаа олгож, хэрэв тус хугацаанд төлөөгүй бол торгуулийн төлбөрийг 50 хувиар нэмнэ. Ингээд ч торгуулиа төлөөгүй бол тухайн авто машиныг үзлэгт оруулах эрхийг хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах, тусгай зөвшөөрөл авах эрхийг хязгаарлах, төрийн албан шалгалт өгөх эрхийг хязгаарлах, жолооны үнэмлэх дахин олгохгүй, үндэсний гадаад пасспорт олгох эрхийг тус тус хязгаарлана.