Монголын залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс олон улсын охидын өдрийг тохиолдуулан "1000 цэцэгсийн чуулган" зохион байгуулж байна. Эл чуулганы онцгой нэгэн зочин нь "Дижитал" хамтлагийн дуучин Эрка байлаа. Тэрбээр "Би найман хүүхэдтэй. Тэдний нэг та нарын адил цэцэг билээ. Би төрийн ордонд амьдралдаа хоёр гуравхан удаа орж байсан. Өнөөдөр та нар намайг урин дуудлаа. Та нарын төлөө энд ирсэндээ баяртай байна. Хүүхдүүд та минь урлаг хайртай, урлагтай ойрхон байгаарай. Учир нь урлаг хүнийг төлөвшүүлдэг. Та нарыг төрсөн үеэс л ээж чинь бүүвэйн дуу аялдаг шүү дээ. Та бүхэн заавал урлагийн од, дуучин, жүжигчин, бүжигчин байх албагүй. Гэхдээ урлагийн мэдрэмжтэй урлагт ойр байдаг гэдэг нэг талаараа тайвшрал болдог. Байгууллага хамт олны чимэг, харилцааны хувьд манлайлагч байдаг" хэмээсэн
Үргэлжлүүлээд тэрбээр хүүхдүүдээ хүмүүжүүлдэг туршлагаасаа хуваалцлаа. Түүний хувьд хүүхдүүдээ урлагаар хүмүүжүүлсэн гэнэ. Үүний ачаар хүүхдүүд нь гудамжинд төөрсөн гөлөг, муур тэжээх дуртай болжээ. Улмаар олныг тэжээх боломжгүй учир олсон амьтандаа эзэн олтлоо халамжилдаг ажээ. Өдгөө хүүхдүүд нь хамтарч бүжгийн дугуйлан ажиллуулдаг гэнэ. Ийнхүү сэтгэгдлээ хэлээд "Хоолой өвдсөн, дуулж чадахгүй, уучлал эрье" хэмээсэн ч охидын алга ташилтын нүргээн түүнийг өөрийг эрхгүй микрофон шүүрэхэд хүргэлээ. Ингээд тэрбээр "Чамайгаа санасаар" дуугаа дуулж, охидын хамт бүжиглэж доргилоо.