Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ХНХЯ-наас санал авч байна
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн дагуу Хүүхэд хамгааллын хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон холбогдох бусад хууль, уг хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан гэнэ.
Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталж, 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. Уг хууль батлагдсанаас хойш нийт 6 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 10 орчим зүйл, заалтад өөрчлөлт орсон. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 6 бүлэг, 25 зүйлтэй байсныг 7 бүлэг, 2 дэд бүлэг, 57 зүйл болгон баяжуулж, баталсан үзэл баримтлалын дагуу боловсруулсан. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан 13 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилго нь хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, хамрах хүрээг өргөжүүлж, хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, кейс менежментийн үе шат болон хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг шинээр тодорхойлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг зааж, зардлыг төсөвлөхдөө өмнөх онд шийдвэрлэсэн хүүхэд хамгааллын кейст тулгуурлаж дараа онд зарцуулах мөнгөн дүнг тогтоодог байх, хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд хөгжүүлж, сум хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах бүтцийг шинээр тусгаж, олон улсын гэрээ конвенцод нийцүүлсэн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах юм.
Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа azjargal@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Өдгөө Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод буй.
Төслийн шинэчлэлээр,
-Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд тодорхой болж, хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ.
- Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн зөв хуваарилалт хийж, хүүхэд бүрд үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна.
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа тогтмолжино.
- Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор хууль тогтоомжийн хэрэгжилт анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.
-Салбар бүр хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжүүлэх төсвийг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлнэ.
-Сургалтын орчин, дотуур байранд үе тэнгийн дээрэлхэлт гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
- Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалт бүхий бүтэц ажиллаж, интернэт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлага сайжирна.
- Гамшиг, онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хамгааллын зохицуулалт тодорхой болно.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, оролцоог хангах эрх зүйн орчин бүрдэнэ.
- Хүүхдэд хүргэх хүүхэд хамгааллын үйлчилгээ нэр, төрөл тодорхой болж, тэдгээрийг хүргэх зохицуулалт тодорхой болж хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ.
-Хамгааллын үйлчилгээг цаг алдалгүй, үр дүнтэй хүргэх, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, үр дүнг үнэлэх, хянах механизм сайжирна гэж үзэж байна.
Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа azjargal@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.