БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 13-15-нд болох “Travel show-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улсын тур оператор, төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Тодруулбал, “Bbm tour”, “Gobi travel”, “Ganba tour” зэрэг Өмнөд Солонгосын зах зээлээс жуулчин хүлээж авдаг 20 орчим компанийнхан БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо, “Аэро Монголиа”-гийнхны хамт Сөүлийг зорьжээ. “Travel show” нь олон улсын аялал жуулчлалд тэргүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ чиглэлүүдийг солонгос жуулчдад танилцуулж, санал болгодгоороо онцлог. Уг арга хэмжээг дунджаар 50 мянган жуулчин үзэж, сонирхдог гэнэ. “Монголд зочлох жил” санаачилга хэрэгжүүлж, тус улсыг зорилтот зах зээлээ болгоод буй манай орны тур операторуудын хувьд энэ нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх том боломж хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байна.