Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр камержуулалтыг шалгаж, нэгдсэн дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргажээ. Захирамжийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд амар тайван орчин бүрдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт тодорхой арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн байна.
Улмаар аймгийн хэмжээнд ашиглаж буй нийтийн эзэмшлийн зам, талбай болон байгууллага, аж ахуйн нэгжийн гадна дотор талын камержуулалтад хяналт шалгалт хийж, ашиглалтад байгаа хяналтын камерын зураглалыг гаргаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, засварлах, хэвийн ажиллагааг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Отгонжаргал ахлан ажиллана. Ажлын хэсгийг үр дүнтэй ажиллаж, заасан хугацаанд хийсэн ажлаа эргэн тайлагнахыг аймгийн удирдлага үүрэг болгов.