Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комис хамтарч хүүхдийн эрхийн нээлттэй хяналт шалгалтыг улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж, цаашид бүтэн өнчин, хагас өнчин хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг судалж эхэлжээ. Улмаар судалгааны үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусга юм байна.
ХЭҮК өнгөрсөн хугацаанд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 22 удаагийн илтгэлийг УИХ-д өргөн барьснаас 15 удаагийн илтгэлд хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг тусгаж, холбогдох арга хэмжээ авах тухай Комиссын санал, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлжээ.
Тухайлбал, Ковид-19 цар тахлын үе дэх хүүхдийн эрхийн асуудлыг 20 дахь илтгэлд, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа, бүтэц, санхүүжилт болон Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг 21 дэх илтгэлд, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр дахь хүүхдийн эрх, гэмт хэргийн хохирогч, гэрч, холбогдогч болсон хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүгнэлтийг 22 дахь илтгэлд тусгаж, холбогдох зөвлөмж, саналын хамт Улсын Их Хуралд өргөн барьсан. Улмаар УИХ-аас илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай 2022 оны 49 дүгээр тогтоол, 2023 оны 35 дугаар тогтоол баталсан.
УИХ-ын 49 дүгээр тогтоолд Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар:
- Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй бүх хэлбэрийг устгах бодлого, үнэлэх шалгуур үзүүлэлт болон хэрэгжилтийг хянах тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх.
- Хуульд зөвшөөрснөөс бусад аливаа хэлбэрээр хүүхдийг хөдөлмөрлүүлэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан ажил олгогч, уралдаанч хүүхдийг сургуулиас завсардуулсан уяач, эцэг, эх, асран хамгаалагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгох.
- Өвлийн улиралд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулж хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох, хянах эрх зүйн зохицуулалтыг бий болгох.
- Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлийн стандартыг өөрчилж, хувцас, хэрэглэл нь уралдаанч хүүхдийг бүрэн хамгаалж байх нөхцөлийг бүрдүүлэх.
УИХ-ын 35 дугаар тогтоолд Хүүхдийн эрхийн талаар:
- Ерөнхий боловсролын сургуулийн стандартын шаардлага хангахгүй байгаа дотуур байрыг шинэчлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг шийдвэрлэх
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх
- Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүнд хяналт тавих, сурч боловсрох эрхийг нь хангах журмыг нарийвчлан зохицуулахыг УИХ-аас Засгийн газарт даалгасан юм.