Анхны харцаар дурлах боломжтой юу. Тэрх үү хором зуурын гялбаанаас насан туршийн хайр үүсдэг биз дээ. Тиймээс л бид дурлалд хүндэтгэлтэй хандах ёстой.
Аливаа уран бүтээлд шимтэх мэдрэмж нь үзэхийн өмнө болон дараа байх боломжтой юм шиг. Үзсэний дараа ч энэ мэдрэмж байсаар байвал түүнийг жинхэнэ “уран бүтээл” гэж тодорхойлж болохоор аж.
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчилсэн найруулгаар тоглож дууслаа. Германд боловсрол эзэмшээд ирсэн, эрх дураараа, дэврүүн зантай идэр насны эр Жаргал, Америк явахыг мөрөөссөн өв тэгш эмэгтэй Сүндэр, тэдний найз болох Цэнгэл, Ану нарын дунд өрнөх хайр сэтгэл, үзэн ядалт, харууслыг жүжигт өгүүлнэ. Цэнгэлийн дүрд тоглосон жүжигчин Ц.Жаргалсайханы хувьд энэ нь түүний анхны орчин цагийн жүжгийн дүр хэмээн онцолсон юм. Жүжгийн туслах болон гол дүрүүд нь УДЭТ-ын дэргэдэх “Театр” студийн залуу уран бүтээлчид байлаа. Энэ жүжиг бүхэлдээ залуучуудаас бүрджээ.
Анх 2006 онд Төрийн шагналт Н.Наранбаатар тус жүжгийг найруулан олны хүртээл болгосон бол 2019 оноос залуу найруулагч М.Батболд уг үүргийг хүлээсэн. Эдүгээ цагийн театрын урлагт шимтэгсдийн хувьд М.Батболд бол өндөр хүлээлттэй “танил” нь юм. Бүх цаг үеийн этгээд, галзуу гэмээр санааг тээж, тайзнаа “төрүүлэгчид” нь найруулагчид гэдэгтэй хэн ч маргахгүй биз. “Фауст”, “Гэм зэм” жүжгээрээ театрын урлагт шинэ уур амьсгалыг авчирсан тэрбээр “Шөнө дундын бүжиг”, “Опал” (сүүлд “Бүгд чамд хайртай” нэрээр шинэчлэн найруулаад буй) бүтээлээрээ үзэгчидтэй “уулзсан ” билээ . Уг жүжигт М.Батболдын найруулгыг хоёр хэсэгт хувааж болохоор байна.
ИЛЭРХИЙЛЭЛ НЭГ. ДУРЛАЛААС ӨМНӨ
“Хайрын виз ”-ийн турш жүжигчин Т.Сэргэлэн асаж, мөн гялалзаж чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэр бол аль хэдийн өөрийн үзэн ядагчидтай, басхүү хайрлагчидтай болсон уран бүтээлч. Н.Наранбаатарын найруулгын Сүндэр илүү танхил ялдам байсан бол энэ удаагийн Сүндэр илүү хэрсүү, тэрслүү гэмээр бүтжээ. Түүнчлэн Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн бичсэн бүтээлүүдэд түгээмэл ажиглагддаг зүй тогтол бол сэтгэлийн нарийн асуудлыг нийгэмтэй төгс хослуулдаг нь юм. Хормын зуур үүссэн хайр дурлалаас гадна тухайн цагийн нийгмийн дүр зургийг энгийн монологт багтааж үзүүлэв.
ИЛЭРХИЙЛЭЛ ХОЁР. ДУРЛАЛЫН ДАРАА
Уг хэсэгт дууны найруулгыг онцлох ёстой. М.Батболдын жүжгүүдийг яг л түүний бүтээл болгодог нь постмодерн найруулгаас гадна дууны сонголт нь байдаг. Нэнси Синатрагийн “Bang Bang”, “The Mamas and The Papas” хамтлагийн “California Dreamin” зэрэг дууг дурлалын дараах хөөрөл, харууслыг илэрхийлэхэд ашигласан нь үзэгчдэд тэрхүү амьдралын гүн дурлалыг жүжгийн хэлбэрт оруулж үзүүлэхэд томоохон нөлөөтэй байв. Хайрын сэдэв бол хэзээ ч хуучиршгүй зохиол. Түүнийг үзэгчид “Хайрын виз”-ээс догдлон үзлээ.
Бэлтгэсэн Д.Хүслэн