ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид, эдийн засагчид ирэх оны төсөв, мөнгөний бодлогын асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Үүнтэй холбоотойгоор ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Б.Мөнхсоёлын байр суурийг сонирхсон юм.
-Ирэх оны төсвийн төслийг Сангийн яамнаас танилцуулсан. Ингэхдээ орлого, зарлагыг энэ жилийнхээс огцом нэмэгдүүлж, экспортын голлох бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийг ч өндрөөр төсөөлсөн байна лээ . Энэ талаар та болон танай намынхан ямар байр суурь байгаа вэ?
-УИХ-аас 2023 оны тавдугаар сарын 31-нд баталсан 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцээгүй буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн төсөл өргөн барилаа.
Тус хуульд “Төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлнэ” гэж заасан. Дээрх мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 21.1, зарлагыг 22.1 орчим их наяд төгрөг байхаар тооцсон. Гэтэл ирэх жилийн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 25.2 их наяд төгрөг буюу 19.5, зарлагыг мөн 19 хувиар эрс нэмэгдүүлж оруулж ирлээ. Энэ нь УИХ-ын баталсан шийдвэр хэрэгжихгүй, төсвийн сахилга бат сул байгааг харуулж буй хэрэг. Төсвийн зарлагыг энэ оныхоос 5.1 их наяд төгрөгөөр нэмэхээр тусгаснаас харахад л сонгуульд зориулсан төсөв батлах гэж буй нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын зардлыг өсгөх, халамжийн бодлогыг үргэлжлүүлэх, цалин нэмэх зэргээр сонгогчдын сэтгэлд нийцсэн байдлаар төсвийн зардлыг улам ихэсгэх нь. Үүнд манай намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид, эдийн засагчид төдийгүй зарим мэргэжилтэн ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Төсөв батлахаас өмнө бид үгээ хэлж, засаж залруулахыг шаардах нь зүйтэй.
-Төсвийг өөдрөг төсөөлөх, зардлыг өсгөх нь ямар үр дагаварт хүргэх бол?
-Юуны түрүүнд төсвийн урьдчилсан танилцуулга нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсныг дээр дурдсан. Түүнчлэн төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьтай тэнцэх нь. Уг нь дээрх хуулийг батлахдаа төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй гэж заасан. Үүнийгээ эрх баригчид явцын дунд өөрчилж, ерөөсөө л зарлагаа эхэлж гарган, ДНБ-д эзлэх хувь нэмэгдсэн тохиолдолд ДНБ-ээ өсгөн тооцох байдал ажиглагддаг. Бодит байдал дээр ДНБ өссөн, эсэх нь эргэлзээтэй. Энэ удаа ч ДНБ-ий хэмжээг 2024 онд 74 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон нь Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан хэмжээнээс даруй гурван их наядаар зөрүүтэй буюу өссөн дүн юм. Төсөв, мөнгөний бодлого хоорондын уялдаа алдагдсан. Бодлогын хүү 13 хувьтай буй. Инфляц өндөр байгаа учраас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүйг хүлээн зөвшөөрнө. Одоогоор Улаанбаатарт болон улсын хэмжээнд инфляцын түвшин 10 хувьд хүрээд буй. Ирэх онд инфляцыг бууруулж 6 (+-2) хувь, өөрөөр хэлбэл, 4-8 хувьд барина хэмээн Төв банкнаас дурдсан. Тэгсэн хэрнээ төсвийн зарлагыг өнгөрсөн жилийнхээс өсгөсөн нь инфляцыг зорилтот түвшинд байлгах, бууруулах зорилтын эсрэг алхам болж буй хэрэг. Төсвийн зардал, мөнгөний нийлүүлэлтийг нэмэх, зарлагыг дэмжих тусам инфляц өснө. Тиймээс эхний ээлжид төсвөө тэлэх биш хумих, зардлаа бууруулж, төсвийг алдагдалгүй батлах шаардлагатай. Нөгөөтээгүүр, ирэх оны оны дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмнэ гэсэн. Төсвийн зарлага өндөр, улмаар инфляц өсөх нөхцөлд цалин нэмээд нэмээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Энэ тооцооллоор инфляц таван хувиар өсөж, 15-д ч хүрэх магадлалтай. Энгийнээр хэлбэл, хэдий иргэдийн цалин
өсөх ч өмнө нь 100 000 төгрөгөөр худалдан авч байсан зүйлийг 115 000-аар авна гэсэн үг. Инфляц өснө гэдэг бол иргэдийн худалдан авах чадвар багасна гэсэн үг. Энэ нь төсвийн хэт зарлага, алдагдалтай шууд холбоотой үүсэх асуудал. Алдагдалтай төсөв батлах нь төсвийн дарамтыг урт хугацаанд нэмэхээс гадна иргэдийн худалдан авах чадварыг зөвхөн 2024 онд гэхэд 5-7 хувиар бууруулах тооцоо гарсан.
-Төрөөс шаардлагатай зүйлд л хөрнгө оруулж, үргй зардлыг танана хэмээн ярьж буй. Гэтэл ирэх жил улсын хэмжээнд 52 соёлын төв барих төдийгүй зарим аймагт бусдаас хэт их хөрөнгө төсвлөсн нь ч байна.
-Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг 3.89 их наяд төгрөгөөр тооцсон нь энэ жилийнхтэй харьцуулахад 20 хувь, 2022 оныхоос даруй 2.3 дахин илүү дүн юм. Энэ нь гадаад өрийн дарамтаа бууруулж, хувийн хэвшилд орон зай олгож бизнесийг нь дэмжих биш, харин төрөөр дамжуулж эдийн засгийг удирдах, зах зээлийн бус төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бүтцийг “хэвээр” хадгалан, тойрог санхүүжүүлдэг системийг бэхжүүлж байгаа хэлбэр. Ирэх оны төсвийн хувьд зарлагыг хуульд заасан зарчим, хязгааруудыг зөрчин хэт их тэлж, улмаар инфляцыг хөөрөгдөх, эдийн засгийн макро тэнцвэрт байдлыг алдагдуулах нөхцөл үүсгэхээр байна гэж судлаач, эдийн засагчид дүгнэж буйтай бид санал нийлж байгаа. Хувийн сектор, бизнес эрхлэгчдийг дэмжсэн мөнгөний бодлого явуулах орон зайг гаргаж, төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах нь зүйтэй.
-Төсвийг алдагдалтай баталсанаар тодотгох шаардлагатай болдог. Өрийн хэмжээ нэмэгдэх, зээл авах магадлал ч өсдөг.
-Тэгэлгүй яах вэ. Төсөв алдагдалтай байх тусам ахиад л бонд гаргана, өр тавина. Өдгөө төсвийн урсгал зардалд зээлийн хүүгийн зардал 4-5 хувийг нь эзэлж буй. Төсвийн өөдрөг төсөөлөл биелэхгүй, зардал өндөр байх нь тодотгол хийн, ахиад бонд гаргаж, өр тавих эрсдэлийг бий болгоно. Өрийн тааз өсөж, дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг сааруулна гэсэн үг. Төсвөө сонгууль угтсан халамжийн бодлого хэлбэрээр бус, дунд, урт хугацаанд өгөөжөө өгөх томоохон төслүүдийн дэд бүтцийг санхүүжүүлэх байдлаар төлөвлөх байдлаар төлөвлөх байдлаар төлөвлөх нь зүйтэй. Мөн төрийн өмчит компаниудыг ил тод, нээлттэй, олон нийтийнх болгох, хувьчлах, эдийн засгаа либералчлах алхмыг тууштай хэрэгжүүлэх замаар ДНБ-д эзлэх төсвийн хэмжээг 25 хувиас ихгүй байлгахад анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна өмнөх жилийн хөрөнгө оруулалтын төслийн гүйцэтгэл нь ердөө 49.2 хувьтай байжээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн хэрэгжилт сул байгааг л мөн харуулж буй хэрэг. Ер нь мөнгөний бодлого, Төсвийн тухай хууль, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг бодлогын баримт бичигтээ нийцсэн төсөв боловсруулах, батлах, эдийн засгийн дунд, урт хугацааны зөв төлөвлөлт хийхийг л манай нам, эдийн засагчид шаардаж буй.
-Гадаад нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна. Энэ нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Экспортлох нүүрсний хэмжээ болон зарим голлох бүтээгдэхүүний үнийг өндрөөр төсөөлж байгаа нь өрөөсгөл. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад удаашралтай, ер нь улс орнууд коронавирусийн дараа эдийн засаг, аж үйлдвэрийн хувьд бүрэн сэргэж амжаагүй байна. Тиймээс эрдэс бүтээгдэхүүний үнэ өндөр, худалдан авах чадвар сайн, эрэлт их байна гэж таамаглах нь буруу. Орос, Украины дайн урт хугацаанд үргэлжилж буйн нөлөөгөөр ялангуяа дэлхийн үр тарианы зах зээлийн салбарт эрсдэл үүсэн, эрэлт нь ихсэж, үнэ нь нэмэгдсээр байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ, гадаад нөхцөлөөс үүдэн инфляц өсөх нэг шалтгаан ч энд үүсэж буйг анхаарах хэрэгтэй. Нэмээд Израил, Палестины нөхцөл байдал хурцадлаа. Өөрөөр хэлбэл, олон улсын байдал улам бүр тогтворгүй, таамаглах аргагүй болж буй энэ үед манай улс төсвийн бодлогодоо нухацтай хандан, зарлагаа аль болох бага байлгаж, үргүй зардлыг тэглэх шаардлагатай. Мөн байгаль, цаг уурын таагүй нөхцөл үүсэж, манай орны хөдөө аж ахуйн салбарын бүтээмж, экспортын биет хэмжээ болон үнийн түвшин буурах эрсдэлийг тооцон 2024 оны төсвийн зардлыг танаж, алдагдалгүй батлах шаардлагатай. Түүнчлэн гадаад өрийн хувьд богино хугацаанд дефолт зарлах эрсдэл буурсан ч өндөр зардалтай өрийг удирдах ажил хангалтгүй байна. Тухайлбал, Хятадын Төвбанктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийн зээлийн нөхцөлийг сайжруулах, өрийг бууруулах талаар алхам хийхгүй 10 гаруй жил боллоо шүү дээ
...Тиймээс эхний ээлжид төсвөө тэлэх биш хумих, зардлаа бууруулж, төс вийг алдагдалгүй батлах шаардлагатай. Нөөөгтээгүүр, ирэх оны дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмнэ гэсэн. Төсвийн зарлага өндөр, улмаар инфляц өсөх нөхцөлд цалин нэмээд нэмээд ямар ч үр дүнд хүрэхгүй...