Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш 18 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Үүнээс гурав нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад дөрвөөр нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг нь Баян-Өлгий аймагт, 16-г нь Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд гараагүй аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 364-т хүрсэн бөгөөд тэднээс 51 нь нас баржээ. Монголд илрүүлсэн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжсан халдвар юм байна. 1992-2004 он хүртэлх хугацаанд манай улсад ДОХ-ын тохиолдол жилд ихдээ нэгийг л илрүүлжээ. Зарим жилд огт бүртгэгдээгүй байна. Харин 2005 оноос хойш халдварын тохиолдол нэмэгдэж, жил бүр 10-аас олон хүн өвчлөх болсон аж. Тэр дундаа 2014 онд 31 хүн ДОХ-ын халдвартай гэж батлагдсан нь нэг жилийн дээд үзүүлэлт болжээ.
Ташрамд дурдахад, энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд 7723 хүн бэлгийн замаар дамжих халдвараар өвчилснийг тогтоожээ. Эл өвчний тохиолдол өнгөрсөн наймдугаар сарынхаас 862-оор нэмэгдсэн нь энэ аж. Он гарснаас хойш бүртгэгдсэн халдварын 40.1 хувийг тэмбүү, 35.8 хувийг заг хүйтэн, 23.8 хувийг нь трихомониаз өвчин эзэлсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тэмбүүгээр өвчилсөн хүний тоо 244- өөр нэмэгдсэн гэнэ. Тэмбүүгийн өвчлөл Архангай, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод хамгийн өндөр гарчээ .