Савнаасаа хальсан сенсац гэж байдаг аж. Тэр нь допингийн талаарх цуурхал, мэдээлэл, элдэв баримт сэлтүүд юм. Энэ нь хэтэрсээр ирэх оны олимпод Монгол Улс цагаан тугийн дор оролцохдоо тулаад байна. Үүнд Монголын төр цаг заваа гаргаж анхаарах ёстой гэсэн үг.
Ер нь монголчууд допингийг ингэж сүрхий тоодог, анхаардаг болсон нь үндэсний бөхөөс энэ шинжилгээг авч эхэлснээс үүдэлтэй. Тэр тусмаа Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн шээс буюу сорьцоос илэрсэн допингийн шинжилгээний хариутай холбоотой.
“Шээс сольдог”, “Шинжилгээний хариуг нь таатай гаргахын тулд мөнгө нэхдэг” гэдэг ойлголт манай монголчуудад “суучихсан”. Энэ нь ч үнэн. Ийм явдал ч болсон байна.
Харамсалтай нь, допингтой холбоотой иймэрхүү муу муухай бүхнийг Допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА руу чихээд сууцгааж байна.
АТГ-т ч өгөөд шалгуулж эхэллээ. Гэтэл МОНАДА нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг болох ВАДА-гийн дүрмээр ажилладаг. Тэдний салбар байгууллагууд тухайн улс орныхоо улс төр, нийгмийн асуудлаар байр суурь илэрхийлэх хориотой. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө хамгаалж, хэрүүл уруул хийж болохгүй.
Тэгвэл энэ бүхнийг хэн зохион байгуулдаг вэ. Өөрөөр хэлбэл, дээр хэлснээр нийгмийг буруу мэдээллээр цэнэглэх хар пиар, допингийн “домог” болсон бусармаг үйлдлүүдийг хэн хийдэг вэ. Уг нь эзэд нь дэндүү тодорхой болчихсон. Эдгээрийг зохион байгуулдаг, хөгжөөн дэмждэг хэсэг бүлэг хүн бий. Спорт, эрүүл мэндийн салбарынхан андахаа больсон. Гэвч үйлдлүүд нь нөгөөх муу нэртэй МОНАДА-д хаяглагдаад үлдчихсэн байдаг. МОНАДА болон тэдний ажилтнуудыг хэрхэн нийгмийн сүлжээний өгөөш болгож шидэхээ ч мартдаггүй. Харин олон нийт, төр, засаг тэр пиар-т нь итгээд байдаг нь нэн харамсалтай.
Ингэж эрс бичээд байгаагийн учир нь БТСУХ-ныхон баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шээсийг хэрхэн сольж, яаж мөнгө нэхэж будилуулж явсан “түүх” нь бидэнд баримтаар олдсон юм.
“Домог ингэж үүсжээ” гэдэг шиг л явдал болсон байна. Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар (одоогийн Биеийн тамир спортын улсын хороо)-ын дарга, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн 2019 оны долдугаар сарын 8-ны А/233, 75 тоот хамтарсан тушаал гарчээ. Наадам эхлэхээс ердөө гурав хоногийн өмнө шүү дээ. Ажлын хэсэг батлах тухай энэ тушаалд “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журмын 3.1 дэх заалтыг үндэслэн тушаах нь: Допингийн шинжилгээний дээж авах, итгэмжлэгдсэн лабораторид илгээх ажлыг ВАДА-гийн дүрэм, холбогдох журмын дагуу зохион байгуулалт сайтай гүйцэтгэж, дүнг нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлэхийг ажлын хэсгийн ахлагч П.Бат-Очирт даалгасугай. Үндэсний их баяр наадмаар бөх, харваачаас допингийн шинжилгээ дээж авах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай. Допингийн шинжилгээний дээж авах, итгэмжлэгдсэн лабораторид илгээх ажилд хяналт тавьж ажиллахыг Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албан даргад үүрэг болгосугай” гэжээ.
Ингээд хавсралтаар баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагчаар П.Бат-Очир (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын гэрээт ажилтан, хүний их эмч), нарийн бичгээр Д.Энхсанаа (ДЭҮТ-ийн хүний их эмч), гишүүдээр Ш.Баясгалан (БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн), Ш.Болормаа (БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний их эмч), М.Булган (БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний их эмч), Ж.Баатар (БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний бага эмч), Ш.Өсөхбаяр (БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний бага эмч), Ц.Туул (БТСГ-ын гэрээт ажилтан), Б.Батцэнгэл (БТСГ-ын гэрээт ажилтан), А.Гүрбадам (АШУҮИС-ийн хүний их эмч), Д.Болорчимэг (“Буянт-Ухаа спортын ордон”-ы хүний их эмч), М.Саранцацрал (“Алдар” спорт хорооны бага эмч), Б.Чаминчулуун (спортын дунд сургууль), С.Ганхуяг (Монголын үндэсний бөхийн холбоо), Ц.Төмөрсүх (Монголын үндэсний бөхийн холбоо), Ц.Түвшинбат (Монголын үндэсний сурын холбоо), М.Нандинцэцэг (Монголын олимпын боксын холбоо), Д.Лхагвадорж (Монголын таеквандогийн холбоо) нарыг баталсан байна. Тэр жилийн наадмаар МОНАДА-гийн үйл ажиллагааг ингэж шууд дээрэмдээд авчихсан байгаа юм. Наадам гэж бөөн будилаан, маргаан болсныг монголчууд мартаагүй биз.
Тэгвэл П.Бат-Очир эмч тэргүүтэй энэ 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг допингийн шинжилгээг хэрхэн будилуулсныг АТГ-ынхан шалгаж тогтоосон юм байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны есдүгээр сарын 8-ны өдрийн мэдэгдэлд энэ талаар мөн ч тодорхой бичсэн байгаа юм. “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд барилдан тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсгийн нэр бүхий албан тушаалтнууд нь шинжилгээний сорьцыг өөрчлөх, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тарааж, төөрөгдөлд оруулах замаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үйлдэлд 2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2, 12.4.5, 14.3-т зааснаар “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх тухай журам”-ын 3.2, 3.3, 3.8-д заасныг тус тус зөрчиж, сорьц цуглуулах байранд гаднын хүн, албан тушаалтан нэвтрүүлсэн нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон. Үндэсний их баяр наадмаар бөх, харваачдаас сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан албан тушаалтнууд нь баяр наадмын өмнө нэр бүхий бөхчүүдийг хамаарал хүмүүс бүхий буюу багш, дасгалжуулагчдаар нь дамжуулан “Сэргээшийн шинжилгээний сорьцыг чинь солино. Шинжилгээний хариуг допингийн төрлийн эмийн бодистой гаргана” хэмээн их хэмжээний хахууль нэхсэн, шаардсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Тиймээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгох, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан нөхцөл байдлаар тогтоогдож байна” гэжээ. Эндээс харвал, 2019 оны Үндэсний их баяр наадам болохоос гуравхан хоногийн өмнө байгуулагдсан одоогийн БТСУХ-ны энэ ажлын хэсэг тухайн жилийн баяр наадмаар бөхчүүдийг янз бүрээр дарамталж, авлига нэхсэн нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Тэр жилийн наадмаар хэн, хэн гэдэг бөхийн сорьцоос допинг илрүүлсэн билээ дээ. Тэдний дүн асуудалтай байж болзошгүй л юм байна.
Ер нь бол 2019 оны наадмын допингийн шинжилгээтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарахад “Ажлын хэсгийн гишүүд нь дэлхийн допингийн эсрэг хууль, дүрэм, олон улсын стандарт, бусад хууль тогтоомж, эрх зүйн актын мэдлэг, мэдээлэл хангалтгүй. Сорьц авах үйл ажиллагаа болон орчин нөхцөл, техник тоног төхөөрөмж нь олон улсын стандартын шаардлага хангаагүй. Сорьц авах байранд хөндлөнгийн хяналт тавих бүрэлдэхүүнд гаднын хүн, албан тушаалтан нэвтрүүлсэн. Ажлын хэсгийнхэн хариуцаж байгаа ажилдаа хайнга хандсанаас сорьц өгч байгаа тамирчин, бөхчүүдэд сорьц солих, улмаар өөр хүнийхийг өгөх зэргээр шинжилгээний хариуг санаатай будилуулах боломжийг олгосон” зэрэг нь нөлөөлснийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс тогтоожээ.
Тэгэхээр өнөөдрийн допингийн “домог” чинь МОНАДА бус манай улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны ажлын хэсэгтэй л холбоотой болж таарах нь. Эцэст нь энэ бүхнийг харах нь ээ, “Хулгайч л хулгайчийг бариарай гэж чанга хашхирдаг ” хэмээх үг ёгхийтэл орж ирж байна даа.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ