Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгж үүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах нь. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос эл сонсголыг аравдугаар сарын 23, 24-нд явуулах бөгөөд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжтой.
Оролцогчдыг энэ сарын 9-11-ний 17.30 цаг хүртэл бүртгэх аж. Ингэхдээ хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, оршин суугаа газрын болон шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар илгээх юм байна. Оролцогч нь санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр ирүүлэх боломжтой гэнэ. Гэхдээ оролцогчийн тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар бүртгэлийг нь баталгаажуулан, УИХ-ын албан ёсны цахим хуудсаар мэдээлэх юм.