УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахаар холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаж байна. Намууд тойрогт болон жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулж, мөн зарим нь хэнтэй хэрхэн эвсэж, хамтрахаа ярилцаж буй. Гэвч сонгуульд зөвхөн нам, эвсэл оролцдоггүй. Тэдний нөгөө талд “намгүй хүмүүс” буюу бие даан нэр дэвшигчид гэж бий. Намд итгэл алдарсан хүмүүс бие даагчдыг дэмжих хандлага сонгууль бүрийн өмнө идэвхэждэг, төрийн бус байгууллагуудаас явуулсан судалгаануудаас энэ нь харагддаг юм. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эмэгтэйчүүдэд нэр дэвшүүлэх 30 хувийн квот олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн бусад төлөөллийг хангах тодорхой заалт оруулсан. Харин бие даагчдыг “гийгүүлсэн” ямар нэг заалт тэнд бий юү.
2020 ОНД ХАМГИЙН ОЛОН БИЕ ДААГЧ НЭР ДЭВШЖЭЭ
1992 онд зохион байгуулсан анхны сонгуульд 18 хүн бие даан өрсөлдөөд нэг нь л сонгогдсон байдаг. Сонгуулийн дөрвөн жилийн цикл бүрт энэ тоо өссөөр 2020 онд хамгийн олон буюу 208 хүн бие даан нэрээ дэвшүүлэхээр шийдэж, мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр хандсан юм. Ингээд хуулийн шаардлага хангасан, эсэхээрээ шүүгдсээр 121 нь нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан. Мөн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд бие даан нэр дэвшигчдийг нэгтгэж ажилласнаараа энэ сонгууль онцлог байв. Нэгдсэн нэг мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн бие даагчдын энэ “бүлэг”-т эдийн засагч Т.Хасбаатар, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав, МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ө.Гэрэлт-Од, улс төр судлалын доктор А.Саруул, дуучин, эрхзүйч Т.Бат-Оргил зэрэг боловсролтой, нэр цэвэр хүн багтаж байлаа. Бие даагчдын рейтинг зарим намынхаас өндөр байгааг харуулсан судалгаа хүмүүсийг зоригжуулж, ийнхүү олноороо нэрээ дэвшүүлсэн аж. Гэхдээ 121 хүнээс ердөө нэг нь буюу Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг л парламентад сонгогдсон. Хийсэн ажилтай, туршлагатай улстөрч учраас тэрбээр Орхон аймгаас илүүрхэж чадсан байна. Харин бусдад нь “хүрд эргүүлэх” боломж олдсонгүй. 2000, 2012 оны сонгуулиар л тус бүр гурван бие даагч парламентад сонгогдож чадсан нь “намгүй хүмүүс”-ийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт байсан юм.
ГОМДОГСОД БА ХӨӨГДӨГСӨД
1992-2020 оны хугацаанд цэвэр гэж тодотгож болох, өмнө болон хойно нь аль нэг намд харьяалагдаж байгаагүй хоёрхон бие даагч гишүүн сонгогдсон нь З.Алтай, С.Жавхлан нар байв. З.Алтай 2008, С.Жавхлан 2016 онд парламентад сонгогдон ажилласан юм. Бусад нь нэг бол намдаа гомдсон, эсвэл хөөгдсөн учраас сонгуульд бие даан өрсөлдсөн билээ.
1992 оны парламентын сонгуульд бие даан өрсөлдөөд сонгогдсон хүн бол тухайн үеийн МАХН-ын гишүүн Г.Зуунай байлаа. УИХ-ын найман удаагийн сонгуулийн ердөө нэгт нь буюу 1996 онд л парламент бие даагчдын төлөөлөлгүй ажилласан юм. Бусад парламентад “яаж ийгээд” 1-3 төлөөлөл сонгогддог жишиг бий. 2000 онд Л.Гүндалай Хөвсгөл аймгаас эрийн сайндаа сонгогдон гарч ирэхдээ үнэхээр л “намгүй хүн” байсан юм. Гэвч тэрбээр хожим Ард түмнээ хайрлая хэмээх нам байгуулж, сүүлдээ аврал эрэн АН-д элссэн. 2004 оны сонгуулиар парламентад сонгогдсон гурван бие даагч болох Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нар АН-ын гишүүн. Тухайн үедээ нэр дэвших тойрог олдоогүй, эсвэл тохиролцож чадаагүй учраас тэд гишүүнчлэлээсээ түдгэлзээд, бие даан өрсөлдсөн байдаг. 2012 оны сонгуулиар бие даан сонгогдсоныхоо дараа Х.Болорчулуун, Ц.Даваас үрэн нар МАН-ын, С.Ганбаатар ХҮН намын гишүүн болсон юм. С.Ганбаатар ер нь “элдэвтэй” нөхөр. Оюутолгойн гэрээг шүүмжлэх сэдвээ болгон улс төрд хөл тавьсан тэрбээр хэд хэдэн нам солиод амжчихсан. 2015 онд ХҮН намд элсэж, дарга нь болоотохсон. Учир нь 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн байна. Энэ тухайгаа сүр дуулиантай мэдэгдэл хийгээд явж байснаа МАХН-тай тохиролцож чадсан учраас ХҮН намаа “хаяж” орхив. Эцэст нь МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм. Гэхдээ 2021 оноос хойш энэ хүн АН-ын гишүүн болчихоод буй. 2020 онд бие даагчдыг төлөөлж сонгогдсон, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мөн л АН-ын хүн. Тус нам хоёр даргатай болчихоод будилж явах үед С.Эрдэнэ нь түүнийг гишүүнээсээ хассан гэдэг. Тиймээс л Н.Алтанхуяг бие даан нэрээ дэвшүүлэхэд хүрчээ. Харин сонгогдсоныхоо дараа “Би намаасаа гараагүй, намайг УИХ-ын гишүүн болгохгүй гэсэн Ц.Элбэгдоржийн бодлого С.Эрдэнээр дамжин хэрэгжсэн” гэсэн тайлбар өгсөн билээ.
Сонгогдсон хүмүүс нь л эд болохоос нэр дэвшигчдийн дотор намдаа гомдсон, эсвэл хөөгдсөн хүн олон байв. Тухайлбал, 2020 оны сонгуульд Эрчим хүчний дэд сайд асан, АНын Д.Доржпүрэв Төв аймагт бие даан өрсөлдсөн. МАН-аас хөөгдөөд байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар мөн энэ сонгуульд бие даан өрсөлдөж байлаа.
СОНГОЛТЫН ҮР ДҮН ГАРДАГ УУ
Түүхэндээ гурваас илүү тооны бие даагч парламентад сонгогдоогүй, мөн З.Алтай, С.Жавхлан хоёроос бусад нь явцын дунд аль нэг намд элсээд л дууссаныг бид харж байна. Дээрх асуултад 2008-2012 оны УИХ-д бие даагч гишүүн байсан З.Алтай “Сэтгэл чинь сайхан байна. Ганц дайчин ганцаардахгүй гэж бодож буй байх. Гэхдээ хамгийн гол нь үр дүн гардаггүй юм билээ, амьд жишээ нь би байна” хэмээн хариулжээ. Бие даагчдад нэг л давуу тал бий. Аль ч намд харьяалагддаггүй учраас эрх баригчдыг ч, сөрөг хүчнийг ч, ер нь буруу, булхайтай хэн бүхнийг тэд чөлөөтэй шүүмжилж чаддаг. Гэвч хэлж, шүүмжилсэн нь хэзээ ч ажил, шийдвэр болдоггүй. Тийм нөлөө байхгүй. Ганц дайчин ганцаарддаг гэдгийн ээлжит жишээ болоод л дуусна. С.Жавхлан гиш үүн гомдол тавьж, Төрийн ордон дахь өрөөнд өө хэдэн өдөр өлсгөлөн зарлаад хэн ч тоогоогүйг сана. Тэр ердөө өөрийгөө зовоогоод л энэ эсэргүүцэл нь дууссан юмдаг.
2012 оны гурван бие даагч эхний үедээ албан бус зөвлөл байгуулаад “хөөрхөн” ажиллах гэж үзсэн юм. Чуулганаар хэлэлцэж буй асуудлаар даваа гараг болгон байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал хийгээд л. Гэвч 76 гишүүн дотор гурван хүний үг газар авсангүй. Тухайн үед бие даагчдын төлөөлөл Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар сонгосон нь “намгүй хүмүүс” парламентад ажиллахдаа “бялуу” хүртсэн ганц тохиолдол болсон юм. Үг хэлээд ч үр дүн гарахгүй учраас тэд удалгүй дээр дурдсан намуудыг бараадсан.
Хүн нь хэчнээн боловсрол, мэдлэгтэй, туршлагатай байгаад ч бие даагч сонгоод үр дүн гарахгүй нь. Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тэдэнд ээлтэй онцгой заалт юу ч алга. Намгүй учраас жагсаалтаар сонгох хувилбар тэдэнд хамааралгүй. Тиймээс 801 хүний гарын үсгээ цуглуулаад аль нэг тойрогт өрсөлдөнө. Хүссэн тойрогтоо өрсөлдөн, сонгогдож чадвал хэнд ч баригдахгүй шүүмжлэх боломж л тэдэнд бий. Тэгэхээр холимог тогтолцооны давуу тал ч бас наалдахгүй аж. Ер нь парламентын танхимд хэлсэн үг нь үнэ хүрдэггүй шигээ сонгуулийн хуулийн давуу талын гадна бие даагчид “гээгдэж” хоцорчээ. Найман удаагийн сонгуульд гурваас илүү суудал авч үзээгүй бие даагчдад бүлэг байгуулах боломж ч үгүй юм. Тэгэхээр парламентад бие даагч сонгоно гэдэг нь УИХ-ын гишүүний нэг суудлыг дэмий үрэх, эсвэл угшилтай намд нь буцааж “алдана” л гэсэн үг байх нь.
Бие даагчдад нэг л давуу тал бий. Аль ч намд харьяал агддаггүй учраас эрх баригчдыг ч, сөрөг хүчнийг ч, ер нь буруу, булхайтай хэн бүхнийг тэд чөлөөтэй шүүмжилж чаддаг. Гэвч хэлж, шүүмжилсэн нь хэзээ ч ажил, шийдвэр болдоггүй. Тийм нөлөө байхгүй. Ганц дайчин ганцаарддаг гэдгийн ээлжит жишээ болоод л дуусна.