Таваарын хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар хямралд орсон ч цахилгаан хэрэгсэл болон автомашин, нар, салхины эх үүсвэрийн үйлдвэрлэлтэй холбоотойгоор зэс, хөнгөн цагааны эрэлт нь тогтвортой байгаа аж. Энэ нь эдгээр таваарын ханшид нөлөөлснийг шинжээчид тодотгожээ. Тухайлбал, өмнөд хөршид хөргөгч, агааржуулагч зэрэг цахилгаан барааны үйлдвэрлэл энэ оны эхний найман сард хоёр оронтой тоогоор өсс өн үзүүлэлт гарсан байна.
Мөн өнгөрсөн сард үйлдвэрлэлийн идэвх нь сүүлийн хагас жилд анх удаа өссөнийг “Reuters” уламжиллаа. Түүнчлэн зэс хайлуулах үйлдвэрүүд дэх нөөц нь багасаад буй гэнэ. Өнгөрсөн баасан гарагт тонн зэсийн үнэ 7886.75 “ногоон”-той тэнцсэн нь өмнөх өдрийнхөөсөө нэг орчим хувиар дээшилсэн үзүүлэлт болов. Ташрамд дурдахад, ING банкны шинжээч Эва Мантей “2023 он дуусталх хугацаанд тонн зэсийн ханш дунджаар 8582 ам.доллар байна гэж бид таамагласан” хэмээн өгүүлсэн аж. Тэрбээр мөн “Лондоны металлын биржид тонн хөнгөн цагааны үнэ энэ онд дунджаар 2283 ам.доллар байна хэмээн төсөөлсөн” гэжээ. Эл таваарын ханш баасан гарагт тонн нь 2243 “ногоон”-той тэнцсэн юм.