”Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” чуулганд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ Зам, тээврийн салбарын хөгжил нь эдийн засгийн бусад салбаруудын хөгжилтэй харилцан уялдаатайгаар явагддаг. Эдгээр салбарын нэг нь уул уурхайн салбар бөгөөд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад тээврийн салбарын оролцоо үлэмж их гэдгийг онцолсон. Мөн “Уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнийг голчлон төмөр зам, авто замаар тээвэрлэн худалдан авагчдад хүргэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн статистикийг авч үзвэл 2022 онд 40.6 сая тонн, 2023 оны эхний 8 сарын байдлаар 47.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь цар тахлын хүндрэлийг даван туулж, 2019 болон 2020 оны түвшингээс давсан үзүүлэлттэй байна” гэдгийг цохон тэмдэглэлээ.
2023 оны эхний 8 сарын байдлаарх нийт уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн 84.2 хувийг автотээврээр буюу авто замын хилийн 12 боомтоор тээвэрлэсэн нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй байна. Нүүрс тээвэрлэлтийн хэмжээ хамгийн өндөр буюу 92.6 хувийг эзэлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний 49.2 хувь нь Гашуунсухайт боомтоор, 19 хувь нь Шивээхүрэн боомтоор, 16.6 хувь нь Замын-Үүд боомтоор, 6.1 хувь нь Ханги, 3.5 хувь нь Бичигт боомтоор тус тус экспортод гарчээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийн чиглэлд 2023 онуудад ЗҮҮНБАЯН-ХАНГИ боомт чиглэлийн 226.9 км, ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН чиглэлийн 415.9 км, ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ чиглэлийн 233.6 км төмөр замуудыг барьж, ашиглалтад оруулаад байна. 2023 оны эхний 9 сарын байдлаар тус төмөр замуудаар Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК-иуд тус бүр 1.2 сая тн ачааг тээвэрлэжээ.