Манай улсын мал сүргийн тоо тогтмол өссөөр өнгөрсөн өвөл 70.4 саяд хүрсэн бол хавар 380 000 орчим га талбайд 50 гаруй нэр, төрлийн таримал тариалсан. Түүнчлэн 200 000 гаруй малчин өрхтэй, нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг, хөдөө аж ахуйн орон. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэлгээ ч жилд 3.7 их наяд төгрөгөөр хэмжигддэг гэсэн өндөр дүнтэй статистик бий. Тиймээс ч хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний арилжааг тогтмол зохион байгуулах, малчин өрх, тариалан эрхлэгч, худалдан авагчдыг холбон зуучлах, бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг “зангидах” зорилгоор Хөдөө аж ахуйн биржийн (ХААБ) тухай хуулийг 2011 онд баталж, 2013 онд биржээ байгуулсан юм. ХААБ анх байгуулагдахад хонь, ямааны ноос, ноолуур, хөөвөр, арьс, шир арилжиж байсан бол өдгөө мал, мах, хүнсний буудай, тосны ургамал гэсэн 10 гаруй төрлийн түүхий эдийг борлуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 10 жилийн хугацаанд арилжааны бүтээгдэхүүнийхээ нэр, төрлийг дөрвөөр нэмэгдүүлжээ.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр дамжуулан арилжсанаар гарал үүсэл, чанарын үзүүлэлт нь тодорхой, стандартын дагуу бэлтгэж, хадгалсан, бодит үнэ бүхий бүтээгдэхүүнийг бэлтгэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх ложистик бий болдог. Монгол Улсаас бэлтгэн нийлүүлж буй бараа, түүхий эдийн гарал үүсэл, мөшгих тогтолцоо ил болж, далд эдийн засаг хумигдахад бирж онцгой үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, биржийн арилжаанд оролцогч талуудын бараа, түүхий эдийн хэлцлийн дүн ил болж, баримтаар баталгаажсанаар Татварын тухай хуулийн хэрэгжилтийг ханган, аливаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллыг малчид, тариаланчид бодитоор эдлэх боломж бүрдүүлэн, татварын орлого ч өсөх юм. Түүнчлэн нийлүүлэлтийн тогтолцоо, гинжин холбоо үүсгэн, түүхий эд, бүтээгдэхүүний онцлог, шинж чанар, үнэ ханш бүхий ил тод мэдээллийн нэгдсэн сан бүрдэн, зөвхөн дотоодын худалдан авагч, үйлдвэрүүдээр хязгаарлагдахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүд түүхий эдээ гадаадын зах зээлд шууд нийлүүлэх боломжтойг мэргэжилтнүүд дурддаг. Зөв хадгалсан бараа, түүхий эдийг биржээр дамжуулан худалдан авснаар түүхий эдийн нөөц бүрдүүлэлтэд гардаг нэмэлт зардлыг үйлдвэрлэгчид хэмнэх, урсгал зардлаа бууруулах, бэлтгэн нийлүүлэгч, байнгын харилцагч, итгэлт түнштэй болох давуу талтай хэмээн тооцдог. Гэвч биржийн бус, далд эдийн засгийг дэмжин бараа, түүхий эд худалдах, эсвэл худалдан авах байдал хэвээр үргэлжилж, дээрх давуу талыг бүрдүүлэх нөхцөл хумигдан, наймаанаас малчид, тариаланчид, экспортлогч аж ахуйн нэгжүүдээс гадна дундын шат дамжлагынхан буюу ченжүүд илүү ашиг хүртсэн хэвээр байгаа юм. Үүнийг засаж залруулах, биржийн арилжааны цар хүрээг өргөжүүлэхээр ямар ажил хийж байгааг ХААБ-ээс тодрууллаа.
Тус биржийн Арилжаа, зах зээл хөгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн “Биржээр арилжих барааны жагсаалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар батлуулдаг. Бид арилжих боломжтой түүхий эдийн нэр, төрлийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой ажлууд хийж байна. Арилжих барааны жагсаалтыг олшруулахад зөвхөн биржийн дотоод нөөцөд тулгуурласан судалгаа, шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах боломжгүй. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн тогтолцоо, зах зээлд оролцогч бүхий л талтай хамтран ажиллах шаардлага үүсдэг. Зах зээлийн судалгаа, шинжилгээг нарийвчлан хийхгүйгээр зөвхөн хууль, журамд нийцүүлэн шийдвэр гаргах нь үр дүнгүй. Тиймээс ч зах зээлийн судалгаа, талуудын оролцоо, түүхий эд бэлтгэх явц, агуулахын багтаамж, анхан шатны тордолт хийх боломж, экспортын гарц, арилжааны хэмжээ зэргийг бид судалж, тооцсон хэвээр байгаа. Одоогоор Хөгжиж , манлайлж чаддаггүй хөдөө аж ахуйн бирж мах, махан бүтээгдэхүүний “Экспортын нэг цонхны систем”-ийг хөгжүүлж, нэвтрүүлээд байна. Тус системд ГЕГ, МЭЕГ зэрэг зургаан байгууллагын үйлчилгээг нэгтгэн экспортын гэрчилгээ олгох хугацааг хоёр дахин багасгаж, түргэн шуурхай болгосон. Цаашид энэхүү системээр бид хөдөө аж ахуйн гаралтай бүхий л бараа, түүхий эдийн экспортын гэрчилгээг олгохоор судалж буй. Мөн манай улсын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын дийлэнх хувь нь ногддог БНХАУ- тай харилцаагаа өргөжүүлэх, түншлэлээ сайжруулах зорилгоор шат дараалсан ажлыг эхлүүлж, ялангуяа тус улсын ноолуурын салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд танилцуулга, мэдээллээ хүргүүлж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Малын арилжааг орон нутгуудад зохион байгуулахаар холбогдох байгууллага, оролцогч талуудтай хамтран ажиллахаар бэлтгэлээ хангасан” гэв. Үүнээс гадна дээрх биржээс арьс, шир болон тосны ургамлыг оруулахгүй, бүртгэлжүүлэхгүйгээр экспортлодог зөрчлийг арилгах, эдгээр бараа, түүхий эдийн экспортод хяналт тавих, хамтран ажиллах хүсэлтээ Гаалийн ерөнхий газарт хүргүүлжээ. “Хөдөө аж ахуйн корпорац”-тай хамтран тариалан эрхлэгч, тосны ургамал экспортлогч аж ахуйн нэгж хоорондын түүхий эдийн нийлүүлэлт, үрийн чанар стандартыг хангуулах оновчтой суваг бий болгох зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулсан гэнэ. Мөн сайдын тушаалаар батлуулан, малын тэжээлийг биржээр арилжих барааны жагсаалтад нэмж оруулах, тэжээл экспортлоход оролцогч талуудтай хэрхэн хамтран ажиллах талаар зураглал гаргаж байгааг дурдсан юм. Эдгээр ажлын судалгаа дуусгавар болж, салбарын сайд баталснаар арилжааг эхлүүлэхээ дурдсан.
Мэдээж дээрх байгууллагынхан хийж буй, хийхээр төлөвлөсөн ажлаа дурдан, зүгээр суухгүй байгаагаа илэрхийлсэн. Гэвч ХААБ нь байгуулагдсан цагаасаа хойш өнгөрсөн жилийг хүртэл ашиггүй ажилласан гэсэн баримт бий. 2022 онд л нийт хөрөнгө нь 6.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээсээ 84.8 хувиар өсөн, цэвэр ашгийнх нь хэмжээ 200 саяд хүрч, байдал арай дээрджээ. Харин энэ оны эхний хагас жилд 10 төрлийн, 494.9 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжсан нь өмнөх оны мөн үеийнхээс 227.2 тэрбум төгрөгөөр буюу 31.5 хувиар буурсан дүн болсныг Санхүүгийн зохицуулах хорооны тайланд дурджээ. Арилжсан бүтээгдэхүүний 84.8 хувийг ноолуур эзэлсэн бол ноос, тосны ургамал дөнгөж 0.1-4 хувийг нь бүрдүүлж, арилжааны түүхий эдийн төрөлжилт муу хэвээр байна. Өнгөрсөн улиралд 300 сая төгрөгийн ашиг олсон гэж буй ч хөдөө аж ахуйн салбарын зах зээлийн үнэлгээ болох 3.7 их наяд төгрөгийн нэг хүрэхгүй хувьтай дүйцэх хөрөнгө төвлөрүүлсэн хэрэг.
Одоогоор ХААБ нь байнгын долоон брокерын компани, байнгын бус гишүүн 77 хоршоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. 17 аймагт анхан шатны түүхий эдийн 113 агуулах, Улаанбаатарт боловсруулах үйлдвэрийн дэргэдэх 22 агуулахыг итгэмжлэн ашиглаж байгаа аж. Энэ нь сум бүрт итгэмжлэгдсан агуулах барин, түүхий эд бэлтгэлийн чанарт хяналт тавьж, арилжааныхаа цар хүрээг өргөжүүлнэ гэсэн зорилготой нь харьцуулахад тун бага дүн юм. Уг нь биржээр дамжуулан бүтээгдэхүүнээ худалдаж, худалдан авах нь улсад ч, иргэд, аж ахуйн нэгжид ч илүү ашигтай. Харамсалтай нь, малчид, тариаланчдаас цөөнгүй нь энэ талаар мэдлэг, мэдээлэл муу байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчин Ч.Хишигбаяр “Хөдөө аж ахуйн бирж ямар үйл ажиллагаа явуулдаг, малчдад ямар өгөөжтэйг мэдэхгүй. Манайх бог, бод нийлсэн 600 гаруй малтай, малын гаралтай түүхий эдээ борлуулж амьдардаг айл. Хавар багагүй хэмжээний ноолуур бэлтгэн, ченжүүдэд борлуулж, цагаан идээгээ өөрсдөө зардаг” гэсэн юм. Биржээр дамжуулж бүтээгдэхүүнээ борлуулбал татварын хөнгөлөлтөд хамрагдах, нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэн, гадаад, дотоодод бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдэх учиртайг хэлэхэд тэрбээр “Хэрэв зарсан бүтээгдэхүүнээс татвар нэрийдлээр орлогынх нь дийлэнхийг авчихвал хэн биржид хандах билээ. Мэдэх юм алга” гэлээ.
Үүнээс гадна дээрх биржийн гүйцэтгэх захирлын албан тушаал улс төрийн томилгоо мэт байж үргэлж захирлууд нь өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд саяхан гүйцэтгэх захирал нь мөн солигджээ. Товчхон хэлэхэд, ХААБ-ийн хөгжил удаан, арилжааны бүтээгдэхүүний нэр, төрөл цөөн, хөдөө аж ахуйн гаралтай түүхийн эдийн дотоодын нөөц боломжтойгоо харьцуулахад арилжааны дүн, борлуулалтын орлого, цэвэр ашгийн хэмжээ бага, малчид, тариаланчид ч биржийн талаарх мэдлэг, мэдээллээр хомс байна.