Засгийн газраас 2022 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусжээ. Ингэснээр 21 аймаг, 96 сум суурин хатуу хучилттай авто замтай болоод байна. Цаашид Шинэ сэргэлтийн таван цагираг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох, урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм. Энэ хүрээнд Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина. Энэ бүхний үр дүнд манай улс аймгийн төвүүдээ төдийгүй Ази Европыг холбосон авто замын 5 коридортой болно.
Мөн 2024 онд авто замын хөдөлгөөний эрчим ихтэй, хамгийн их эвдрэлтэй байгаа Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн нийт 350 гаруй км авто замд их засвар хийхээр төлөвлөжээ.